“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий инженер Т. БАТМӨНХ болон түүний удирдлага доор ажиллаж байгаа хүмүүс төсвийн мөнгийг хэрхэн үргүй зарцуулж байгаа талаар болон төрсөн хүү Б.Тэмүүлэнгээ санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст “шургуулж” дөнгөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Т.Батмөнх нь өөрийнх нь тухай мэдээлэх бүрт хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрчлөлт оруулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил гэр бүлийнх нь бизнесийн талаар биднийг мэдээлэхэд эзэмшиж, өмчилж байгаа газартаа огцом өөрчлөлт оруулаад зогсохгүй, эхнэрийнхээ сургуультай хань хамааралгүй мэт харагдуулахаар хөрөнгө орлогын мэдүүлэгт нь өөрчлөлт орсон байна.
Тэрбээр эхнэрийнхээ сургуультай хамааралгүй харагдах гэж байгаад ЭМПИПИ Хоршооны 500 хувьцааг 10 000 000 төгрөгөөр худалдан авч ойролцоогоор 2.8 хувийг эзэмшдэг болсон байх юм.
Нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд ЭМПИПИ Хоршоог хайхад ашгийн төлөө бус хадгаламж зээлийн хоршоо аж.
https://opendatalab.mn/search/2346206
Харин тус ХЗХ нь мөнгө хүүлдэг талаар Эрдэнэтчүүд мэддэг юм билээ. Тодруулбал, зээлдэгч хугацаа хэтрүүлбэл зээлийн хүүн дээр нь алданги тооцно. Алданги дээрээ нэмж хүү тооцдог “мөнгө хүүлэгч” байгууллага гэдгийг олон нийт батлан ярьж байна.
Бидэнд ирсэн албан бус мэдээгээр Т.Батмөнхөөс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн хурган, хуцан дарга нар нь энэ байгууллагаар дамжуулан мөнгө угаадаг гэх мэдээлэл байдаг.
Т.Батмөнх даргаас гадна ЭМПИПИ Хоршооны хувьцаа эзэмшигч дунд Тэрбиш овогтой Тунгалагтамир гэгч этгээд байдаг бөгөөд тухайн хүн нь Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн даргаар ажилладаг байна. Мөн Эрдэнэт үйлдвэрээс тэтгэвэрт гарсан дарга нар болох Шарав овогтой Гэзэгт, Эрдэнэт үйлдвэр ХХК Орлогч захирлаар ажиллаж байсан Долгорсүрэн овогтой Эрдэнэцогт нар мөн энэхүү ХЗХ-нд хувь эзэмшдэг болох нь нээлттэй мэдээллийн сангаас харагдаж байна.
Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн экс удирдлага болон одоогийн удирдлагын багийнхан энэхүү ХЗХ-гоор дамжуулан мөнгө угаадаг гэх мэдээлэл байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

