Ардчилсан намын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн төрсөн өдөртэй давхцсан намын дотоод сонгуулийн үр дүнгийн талаар цахим хуудсандаа хошигнон, шулуухан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Хан-Уул дүүргийн АН-ын дотоод сонгуульд ялагдсанаа “үсгүй хусууллаа” хэмээн егөөдсөн ч, нам доторх шинэчлэл эхэлж байгааг онцолсон байна. Мөн “нээлттэй болсон нам цэгцэрч эхлэхдээ манийгаа эвхэж тавилаа” хэмээн бичиж, өөрийн улс төрийн замналд туршлага хуримтлуулж яваагаа дурджээ.
Түүнчлэн уг сонгуулийг тайван, шударга, хэл амгүй зохион байгуулсныг онцолж, дүүргийн намын гишүүдэд талархал илэрхийлсэн байна.
Хан-Уул дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Банзрагчийн Түвшин сонгогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөжээ.
Эцэст нь тэрбээр Ардчилсан намын гишүүддээ хандан, удахгүй болох төрийн сонгуулиудад ялалт байгуулахыг уриалж, “ард олондоо дэм болох болтугай” хэмээн ерөөсөн байна.
