Нэгэн цагт УИХ-ын гишүүн Э.Болормаатай хамт амьдарч байгаа гэх ярианд өртсөн Н.Мандуулыг хотын дарга болгоно гэх мэдээлэл байна.
Гэхдээ мэдээж тэрбээр ганцаараа хотын даргад хүч үзэхгүй гэнэ. Түүнтэй хамт Н.Учралын ойрын хүн гэгдэх М.Говьсайхан ч хүч үзэж байгаа аж.
Н.Мандуулын хувьд 2024 онд Чингэлтэй дүүргээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Зарим нь «Чингэлтэйн Мандуул» гэдгээр нь илүү сайн мэддэг. Тэрбээр Сангийн яаманд Санхүүгийн бодлогын газрын даргаар олон жил ажилласан. Хөгжлийн банкны дуулиан дэгдэж, дампуурахдаа тулаад байх үед гүйцэтгэх захирлаар нь очиж, чанаргүй зээлүүдийг төлүүлж, банкийг ашигтай ажиллуулж чадсан гэдгээрээ олон нийтээс өндөр үнэлгээ авсан. Мөн хотын экс дарга Х.Нямбаатарын багт нийслэлийн Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогчоор ажиллаж, хотын бонд гаргах зэрэг эдийн засгийн гол ажлуудыг нь нугалж байсан. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын бодлоготой нийцэх, хотын эдийн засгийг ойлгох, мөн олон нийтэд нэр цэвэр, “муу түүхгүй” шинэ дүр гэдэг утгаараа Н.Мандуул яг одоо улс төрийн тааварт хамгийн өндөр магадлалтайгаар тэргүүлж байна.

