1990-ээд оны дундуур би тохиолдлоор шахуу Японы Сангийн яамны өндөр албан тушаалтны ажлын албаар орж үзсэн юм. Газрын дарга ч билүү, сайдын зөвлөх ч билүү, нэг настай хүн захдуухан суучихсан, хүн хүн рүү хараад л, мишээгээд л, сууж байгаа харагдсан. Бөөн бичиг цаас барьсан залуус түүнийг тойрч гүйлдээд л. “Юу болоод байгаан бэ” гэсэн чинь, “аа, манай энэ настай дарга нэг асуудлын эцсийн шийдвэрийг гаргах гэж байгаамаа” л гэцгээж байв. “Бид нар бүх мэдээллийг нь бэлтгээд өгчихсөн, дарга маань хоёр хоног бодож байна” гээд л, залуус инээлдэж байсан. Би ч сайн ойлгоогүй, яагаад заавал энэ настан шийдвэр гаргадаг юм бол оо, гээд л, гайхаад өнгөрч байж билээ.
Японы янз бүрийн газраар орж, яагаад заавал мэдээжийн юмыг олон хүнээс асууж лавлаад байдгийн бол оо, гэж бодсоор, бүүр хожим нь “олон хүний санаа бодлыг сонсох, аливааг тултал нь нягталж шалгах, туршлагатай хүний цөөхөн чамбай үгийг сонсох” зэрэг нь ямаршуухан чухал зүйл болохыг бага багаар ойлгож эхэлсэн дээ.
Ямар ч улс оронд амин чухал асуудлууд улс төрөөр дамжиж шийдэгдэнэ. Монголд сүүлийн үед улс төрчид хэт залуужлаа. Тавиас доош насныхан, дөч дөнгөж хүрч буй “ногооноороо” залуус, бүр гучин настнууд төрийн өндөр алба хаших болов. Улс төрд ч, төрд ч туршлагатай, ахмад хүмүүс үзэгдэхээ болилоо. Намын байгууллагад л янз бүрийн алба хашсан, харин төрд ажилласан туршлага бага, ердөөсөө амьдралын туршлага ч бага, нэг л их гадаадаар ярьсан, залуу удирдагчид маш түүхий, насгүй шийдвэрүүд гаргаж байна. Төрд насаараа зүтгэсэн ахмадуудын үгийг сонсохоо больсон гэсэн. Уг нь ахмад, дунд насныхан, залуучуудын холбоо хэлхээ гээд ярьдаг байсансан.
Улс төрийн нам доторх арай тулхтай хэсэг нь, ялангуяа төрд ажиллаж байсан туршлагатай, МАН-ын ахмадууд нь баяр болохоор бэлэг сэлт аваад л, үр хүүхдээ албан тушаалд “шахчихаад” суугаад байлгүй, мэдлэг сэтгэл туршлага байдгийн бол залуусдаа зааж, үгээ хэлээсэй…

