УИХ-ын гишүүн М.Нарантуяа сүүлийн үед гарч буй гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, онц ноцтой хэргүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол хүний хүнлэг чанар яагаад араатанлаг болж өөрчлөгдөөд байгааг судлах шаардлагатай болжээ. Үүнд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, үнэ ханшийн өсөлт, ажилгүйдэл, архидалт, ядуурал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна уу гэдэгт хариулт хэрэгтэй байна” хэмээн онцлов.
Мөн ажил төрөлтэй, нийгэмдээ байр суурьтай хүмүүс хүртэл хэрцгий гэмт хэрэг үйлдэж байгаа нь асуудлыг зөвхөн эдийн засгийн шалтгаанаар тайлбарлахад хүндрэлтэй байгааг дурджээ.
Түүний хэлснээр, “Эхнэрээ хэрцгийгээр хөнөөх, хүүхдээ хүчирхийлж амь насыг нь хохироох зэрэг аймшигт хэргүүд ар араасаа гарч байгаа нь нийгэм бүхэлдээ анхаарал хандуулж, шалтгаан нөхцөлийг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах шаардлагатай болсныг харуулж байна” гэв.

