Алдартнуудын хэрэг: Жүжигчин Р.Адъяа эхнэрээ зодож, нэг сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн хэргийн дэлгэрэнгүй
Захиалгат инээд хамтлагийн жүжигчин Р.Адъяа эхнэрээ зодож байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ удаад бид уг хэргийг дэлгэрүүлэн хүргэж байна.
Р.Адъяа нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны .. тоот гэртээ эхнэр Б.З-ийн хоолойг боож багалзуурдаж, газар унахад нь хөлөөрөө нүүр толгой руу нь дэвсэж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна.
Р.Адъяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Золзаяа над руу яриад гэр бүлээ цуцлуулъя гэж ярьсан. Дүүргийн шүүх рүү очоод баталгаагаа салгая гэтэл өнөөдөртөө болъё, маргаашнаас салгуулъя гээд гэр рүү явсан. Гэрт ороход идэж уух юм байхгүй байхаар нь би гарч идэж уух юм авъя гэж хэлээд бид хоёр дэлгүүр орж идэж, уух юм аваад гэртээ ирж хоол унд идэж ууж дуусчихаад гадуур гарч нэг газар орж сууя гэж ярилцсан. Гараад нэг “Паб”-д орж суугаад бид хоёр уусан. Нэг мэдэхэд өглөө болсон байсан. Эднийд сэрсэн. Би өглөө нь явах гэтэл намайг явуулахгүй гээд хамаг хувцас нуучихаад хөл, гарнаас хазаж чимхэж, базсан. Тухайн үед миний зүүн гарны долоовор хурууг хазсан. Би тавь гэж хэлэхэд болихгүй байсан. Би өчнөөн гуйсан. Сүүлдээ тэсэхээ болиод нэг алгадсан. Мэдүүлэгт намайг толгой руу нь нэг дэвссэн гэж хэлсэн байсан. Тийм үйлдэл огт болоогүй юм. Хохирогчийн хохиролд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар надад хэлсэн зүйл байхгүй, би З-тай холбогдож хохирол төлбөрийг талаар ярих боломж байгаагүй. Учир нь мөрдөгч намайг чи хохирогч руу утсаар ярьж холбогдож болохгүй гэж хэлсэн юм. Би шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй“ гэж мэдүүлсэн байсан.
Хохирогч Б.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгож мэдсэн. Би Иргэний үүргээ хүлээгээд үнэн зөв мэдүүлэг өгөхдөө итгэлтэй байна. Тухайн үеийн бодит байдлыг хэлье. 2016 оноос Р.Адъяа бид хоёр хамтран амьдарсан. Хамтран амьдарч байх хугацаанд хоёроос гурван удаа салж нийлсэн. Тэр хооронд байнга архи уудаг 7-10 хоног алга болдог, архины нэлээн хамааралтай болчихсон байсан. Бид хоёр “архины спирал” тавиулах гэж хоёр удаа үзсэн. Ээж нь хүртэл мэдэж байгаа. Намайг удаа дараа архи уучихаад дарамталдаг байсан. Миний хувьд Р.Адъяагийн мууг үзэх гэж ингэж яваагүй. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Р.Адъяа миний хоолойг багалзуурдсан би амиа хамгаалахын тулд энэ хүний гарыг хазсан минь үнэн. Намайг зуурчихаад газар унахад миний толгой руу дэвссэн би биеэ хамгаалж чадаагүй. Р.Адъяа хувцасаа өмсөх гээд эргэх хооронд би сандарч гүйж хажуу талын айлын хаалгыг тусламж гуйж цохисон. Урьд нь намайг хаалгаа цоожилж байгаад зоддог байсан. Тухайн үед хажуу талын айлаас тусламж гуйгаад зогсож байх хооронд миний саарал өнгийн биеийн тамирын өмдтэй гараад зугтсан. Би араас нь гүйцэх гээд чадаагүй. Буцаж орж ирээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэхэд хацар наалдацтай, тархи доргилттой байна гэсэн. Прокурорын дурдагдсан дүгнэлттэй таарч байгаа. Миний нүүр одоо татаад байдаг болчихсон. Эмч нар нүүрний саажилттай байна гэж хэлсэн. Түүнээс хойш нүүрэндээ физик эмчилгээгээ хийлгэж явсан. Эмч хэлэхдээ сар болгон ороорой гэж хэлсэн. Одоо гомдолтой байна. Урьд нь ямар байсан тийм болгож өгвөл надад гомдоод байх зүйл байхгүй. Би энэ хүний мууг үзэх гэж яваагүй. Одоогийн байдлаар гурван удаа эмчилгээнд орсон. Эмчилгээний зардалд нийт 3.528.681 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Тэрбээр энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд мөн мэдүүлэг өгсөн байдаг. Тодруулбл, “…2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн …. тоотод гэртээ би өглөө ажилдаа явах гээд байж байтал манай нөхөр Р.Адъяа нь чи ажлынхантайгаа биеэ үнэллээ, янханууд агаар салхинд хүн дагаж явдаг юм байна лээ гээд миний хоолойг боож шууд багалзуурдахаар нь би болиулах гээд ноцолдож байгаад газар уначихсан юм. Тэгсэн хөлөөрөө нүүр, толгой руу дэвссэн тэгээд би зөндөө уйлаад хамар, амнаас цус гараад би зугтаагаад 22 тоот айлын хаалгыг тогшоод тусламж хүссэн. Тэгээд эргээд гэр рүүгээ орох гэсэн чинь зөрөөд Р.Адъяа цээж нүцгэн, миний бэлтгэлийн саарал өмдийг өмсчихсөн гараад зугтаасан. Би араас нь цагдаа дуудчихаад цагдаа иртэл байж байя гэж бодоод араас нь гүйсэн чинь гутал нь сугарч унаад эргүүлэн өмсөөд зугтаачихсан… 99..4124 дугаараас би Р.Адъяа байна чи цагдаа дуудчихсан биз дээ гэхээр нь би чи намайг яагаад зодож байгаа юм бэ гэсэн чинь би чамд гар хүрээгүй, юун гар хүрэх, юун зодох гээд инээгээд утсаа тасалчихсан. Би эргээд нөгөө дугаар руу залгасан чинь би таксины жолооч байна. Р.Адъяа миний хоолойг багалзуурдсан тэгээд газар уначихсан чинь нүүр болон толгой руу ханатай хавсраад 7-8 удаа хөлөөрөө дэвссэн тэрнээс болоод зүүн нүд болон зүүн хацар хавдаж хөхөрсөн, хүзүүний зүүн хэсэг өвчин орсон байсан, толгойн зүүн тал бондойж хавдаж цус хурсан, ам хамар хоёроос цус гарсан. Бөгс рүү 2-3 удаа өшиглөөд, хөх эрээд болоод бяцарсан байсан. Духны баруун хэсэг хөхөрч хавдсан. Зүүн гар булчин хэсэгтээ хөхөрч хавдсан, баруун талын дал хөхөрсөн байсан. Р.Адъяа миний биед дан гар хөлөөрөө гэмтэл учруулсан. Хана руу намайг хавсарч зодсон… 2016 оны 04 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд хамт амьдарч эхэлсэнээсээ хойш 3-4 удаа 102-т дуудлага өгч байсан… 2016 оны 05 дугаар сард үл ойлголцол гараад намайг алгадаж хамраас цус гарсан би цагдаад хандаагүй… 2016 оны 9 дүгээр сард хоолойноос боож байсан. Тэрнээс хойш 5-6 удаа дуудлага өгч байсан. Бид хоёрын хооронд маргаан болохоор хажуу айлууд хүртэл дуудлага өгч байсан байна лээ…” гэж мэдүүлсэн байна.
Энэ хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хэд хэдэн удаа шинжилгээ хийгдсэн байдаг. Тухайлбал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3612 дугаартай дүгнэлт:
- Б.З-ийн биед тархи доргилт, баруун чих, хүзүү нүдний доод зовхи, хацрын цусхуралт, зөөлөн эдийнняцрал, дух, дагзны хуйхны цус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрхигэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /1хх 107 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №448 дугаартай дүгнэлт:
- Б.З-ийн нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичигбаримтанд2018 оны 04 дүгээр сарын 02-ны Иэс заслын эмчийн үзлэгээр зүүн хацрын булчингийн тасрал, наалдацыг салгах, залгах, булчинд хурсан хуучин цусан бүлэнг авах мэс засал хийх шаардлагатай гэсэн нь гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй хөнгөн зэргийн гэмтэл болно.
- Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонгиалдалтаднөлөөлөхгүй эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1081 дугаартай дүгнэлт:
- Б.З-ийн биед Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүд болох 2.4-ийн 2.4.1-т гэмтэл, түүнээс үүссэн эдэрхтэнийбүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоон хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэсэн заалтыг баримтлан гаргасан.
- Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонгиалдалтанднөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэсэн нь тухайн гэмтлээрээ зайлшгүй эмчлэгдсэн хугацааг хамааруулна. Энэ нь эмнэлгийн бичиг баримтаар баталгаажсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1239 дугаартай дүгнэлт:
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн2018 оны 04 дүгээр сарын 10-ныөдөр гаргасан 448 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.3, Б.З-ийн биед тухайн үед тархи доргилт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, дагзны хуйхны цус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирсан байх боломжтой ба дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- 7. Б.З-ийн нүүрний тэгш хэм алдагдаагүй байна.
- Б.З-ийнамбулаторынкартанд Эрүү нүүрний мэс заслын эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэгт: … зүүн хацрын булчингийн тасрал, наалдцыг салгах, булчинд хурсан хуучин цусан бүлэнг авах мэс засал хийх шаардлагатай…” гэсэн боловч одоогоор энэ мэс засал хийгдээгүй байна. Б.Золзаяа нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бусдад злдуулах үед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан байна.
- Б.З-ийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Б.Золзаяань нүүрний зүүн талын булчингийн татвалзал эмгэгтэй байх ба одооогоор нүүрний булчингийн саажил үүсээгүй байна гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан байна.
Прокуророос жүжигчин Р.Адъяаг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны .. тоот гэртээ эхнэр Б.З-ийн хоолойг боож багалзуурдаж, газар унахад нь хөлөөрөө нүүр толгой руу нь дэвсэж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүнд хуульд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Адъяа нь хохирогч Б.З-тай гэр бүлийн таарамж тохиромжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчид хөнгөн хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэв. Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Б.З нь шүүгдэгч Р.Адъяаг хардаж хэрүүл маргаан хийсэн талаар шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос Р.Адъяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Иймд шүүгдэгч Р.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлга оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзсэн.
Хохирогч Б.З нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 3.528.681 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс нийт 1.704. 021 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн юм.
Мөн жүжигчин Р.Адъяа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шүүхэд санал болгосон ба шүүх шүүгдэгч Р.Адъяагийн эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл Р.Адъяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.