Эр хүн долоо дордож, найм сэхдэг гэдгийг бодит утгаар нь Тайгр Вүүдс харуулж чадлаа. Эхнэрээсээ салж, хүүхнүүдтэй нэр холбогдож, секс донтноороо дуудуулж, жолооны ард унтсан, тайвшруулах эм их хэмжээгээр уусан, сэтгэл санааны гутралд орсон байсан гээд Тайгр сүүлийн хэдэн жил спортын амжилтаас ихээхэн холдсон байлаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Тайгр Вүүдс жилийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох Masters-т түрүүллээ.
Тэрбээр 11 жилийн дараа анх удаа major буюу томоохон тэмцээнд түрүүлснээр, их спортдоо эргэн ирэлт хийж байгаагаа албан ёсоор сүр дуулиантайгаар зарлаж байна. Тайгр 2018 онд Tour Championships тэмцээнд түрүүлсэн ч, уг тэмцээн нь томд тооцогддоггүй. 5 жилийн дараа анх удаа жижиг ч гэсэн тэмцээнд түрүүлсэн түүнийг мэргэжилтнүүд сайшаахаас татгалзсан юм. Харин энэ удаад яах аргагүй Masters буюу гольфын их дуулгад тооцогдох тэмцээнд түрүүлсэн нь 43 настай Тайгрыг эргүүлэн олны анхаарлын төвд аваачаад байна.
Дашрамд хэлэхэд Тайгр нь 1997 онд буюу дөнгөж 22 настай байхдаа анх Masters тэмцээнд түрүүлж байсан бөгөөд энэ жил түрүүлснээр 5 дахь удаагаа Augusta-гийн талбайд аваргалж байна. Тамирчин хүний карьерын хувьд олон хүнд бэрхшээлийг даван туулж, хэд хэдэн мэс ажилбарыг амжилттай давж, “washed up” буюу “үеэ өнгөрөөсөн, одоо больсон нь дээр” гэх олон нийтийн шүүмжлэлийг өөрийгөө хурцлахад ашиглаж чадсан Тайгр ийнхүү түүхэн ялалт байгуулаад байна.
Тайгр түүхэн түрүүгээ авсны дараа АНУ-ын томчууд өөрсдийн байр суурийг хэрхэн хуваалцсаныг сийрүүлье.
Ерөнхийлөгч Дональд Трамп: Жинхэнэ агуу аварга Тайгр Вүүдст баяр хүргэе! Маш их дарамт шахалтын дор амжилт гаргасан түүнийг үнэхээр хүндэлж байна. Гайхалтай эргэн ирэлт!
Ерөнхийлөгч асан Барак Обама: Тэр бүх хүндрэл бэрхшээл, хэцүү бүхнийг туулаад гарсны дараа тэсвэр хатуужил, шийдэмгий байдлын хүчээр ялалт байгуулсан нь гайхалтай.
NBA-гийн гурван удаагийн аварга Стеф Көрри: Спортын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу эргэн ирэлт. Баяр хүргэе Тайгр! Ялагчийн 5 хүрэмний чинь нэгийг нь бариад зогсохыг зөвшөөрөөч…