Хадмаа муулдаг бэрийг ханийн заяа түшихгүй
Ханьдаа хайртайгаа гайхуулж мянга түм орилсоноос
Хажуудаа авч ижийг нь чи нэг асар
Өрцнөөс нь унаагүй атлаа өргөж босгохыг чинь хараад
Өвгөн болох хань чинь өмөлзөж далд нэг баярлана
Өөрийн ижий шигээ санаж өмнө нь цай барин гүйвэл
Өргөсөн дээж шигээ сэтгэлийг чинь үнэлж нэг хүндлэнэ
Хэвлийд нь ургаагүй мөртлөө хажууд нь түшиж алхвал
Хүний дээдтэй ханилсанаа харцандаа багтааж жаргахвий
Хадмаа хайрладаг бэрийг ханийн заяа түшдэг юм аа
Хорвоо үргэлж хүнд хариу жаргалыг илгээдэг юм
Бэрээ хайрладаг эхийг буурлын жаргал тосдог юм
Бусдын өөрийн гэж бүсгүй үрсийг ялгалгүй
Бүгд өөрийн тань охин мэт хайрла бүү хатуурх
Миний л охин жаргаж байвал бусдын охин хамаагүй мэт
Муйхар сэтгэлд бүү авт тэр хүүгийн тань хань
Бэр охиноо хайрлаж нэг үз эргээд хүү тань жарганаа
Бүхий л дутагдалыг нь уучлаж хүүгээсээ хүртэл хэд өмөөр
Ээж эхнэр хоёроо эвтэй байхыг харах нь
Эр хүний заяаг ивэх бат тулгуур болдог
Хүүг тань түших л гэж түшсэн хүний охин үрийг
Хэвлийдээ тээсэн мэт хар ханд бас хайрла
Хариу жаргал нь хүүгээр тань илэрнээ
Хөрстийн элгэнд хүү тань үргэлжилнэ
Өөрийн эх мэт хайрла үр мэт ханд
Өсгөсөн ижий адил хүндэл охин мэт уучил
Яг ээж шигээ санаж сэтгэлдээ тээж яв
Яг үр шигээ бодож зүрхэндээ нандигнаж яв
Б.МӨНГӨНБУЛАГ 17.04.2018