-Хагалгаа 13 цагийн турш үргэлжилж гурван хурууг залгаж, нэг хурууг нь тайрчээ-
Долоон настай охиныг зодож, улмаар дөрвөн хурууг нь цавчиж, халуун ус цацаж тамласан онц ноцтой хэрэг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад гарсан тухай бид өмнө мэдээлсэн билээ. Охины хөл түлэгдсэн, мөн толгойн хэсэгт иртэй зүйлээр зүссэн байснаас хамгийн ноцтой нь зүүн гарын дунд, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нь тасалж яргалжээ.
Хэрэг гарсан орой буюу энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө охиныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, 02:00 цагийн орчимд яаралтай хагалгаанд оруулсан. Хагалгаа 10 гаруй цаг үргэлжилсэн юм. Охины гэр бүлийнхэн болсон явдалд ихээхэн цочирдсон, хүүхдийн биеийн байдалд маш их санаа зовсон байв. Тиймээс болсон явдлын талаар тайлбар хийхээс татгалзаж, хуулийн байгууллагынхан шалгаж, шийдэх ёстой хэмээж байлаа.
Эх сурвалжийн хэлснээр охин эхээс гурвуулаа гэнэ. Бага дүү нь эмнэлэгт хэвтсэн. Ээж нь бага охиноо сахих шаардлагатай байжээ. Иймээс охиныг сургуулиас нь аваад өгөхийг нагац ах “Ш”-ээс хүссэн гэнэ. Нагац ахын гэр нь охины сургуультай ойрхон болохоор заримдаа гуйж хичээлээс нь авахуулдаг байжээ.
Ойрын хамаатан учир гэр орноор нь орж гардаг, дээд боловсролтой, нас тогтсон, төлөв төвшин байрын хүн тул ийм зүйл болно гэж таамаглаагүй бололтой. Охин нагац ахаасаа зугтаж, гудамжинд уйлаад явж байхад нь иргэдийн дуудлагаар цагдаагийн алба хаагчид очсон байна. Цагдаа, түргэн тусламж зэрэг шахуу ирж хоёр тийш нь авч явсан тул “Ш”-тэй уулзаж амжаагүй талаар гэр бүлийнхэн нь хэлж байсан.
“Ш” нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршилтай. Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр ч согтуу байсан аж.
Охин маш их цочирдсон, сэтгэл зүйн байдал хэцүү, унтаж чадахгүй байгааг ар гэрийнхэн нь хэлж байсан. “Ш” нь нүдний шилтэй аж. Тиймээс охин нүдний шилтэй эмч орж ирэхээр ээж, аавыг дууд хэмээн айн бэмбэгнэж байгаа гэнэ. Охины хэлснээр нагац ах нь хүчирхийлэх ямар нэг үйлдэл гаргаагүй бололтой.
Харин англиар янз бүрийн зүйл асууж мэдэхгүй гэж хариулах тоолонд зодсон гэнэ. Цохичих уу хэмээн алх далайгаад байсан аж. Эхлээд 4-5 удаа цохиж байгааг мэдсэн, түүнээс цааш хэдэн удаа цохиулснаа мэдээгүй тухай ярьжээ. Охин толгойгоо хамгаалах гэж гараараа дарж байгаад хуруугаа тасдуулсан бололтой. Мөн ус буцалгаж байгаад цацчихсан гэнэ.
Гэр бүлийнхэн нь хамгийн их итгэж найддаг, ойр дотны хүн ийм балмад үйлдэл гаргасанд итгэж чадахгүй байна. Мөн мэдэгдэж байгаа нь энэ хэрэг. Цаана нь Монголын хэчнээн олон бяцхан үрс бусдын гарт шүүслэгдэж байгааг мэдэхгүй хэмээн ярьж байв.
Эмч нар яаралтай хагалгааг 13 цагийн турш хийж, гарын гурван хурууны шөрмөсийг залгаж, нэг хурууг залгах боломжгүй хэмээн тайрчээ.