Бидний зарим нь хүүхдээ магтан урамшуулж, хайрлаж энэрч өсгөх ёстой гэж үздэг байхад үлдсэн хэсэг аав, ээж нар хайр нь дотроо, хал нь гаднаа байж, хатуу ширүүн үг хэлж, чанга гараар өсгөх ёстой гэж боддог. Тэгвэл хүүхдийг магтаж урамшуулах ёстой юу. Энэ нь байнга ойрхон давтамжтай байх хэрэгтэй юу. Эсвэл шүүмжилж, буруушааж хүмүүжүүлэх учиртай юу. Магтаал, шүүмжлэлийн жингийн туухайг хэрхэн зөв олох вэ. “Сэтгэлийн дархлаа” энэ сэдвээр Focus on the family Mongolia байгууллагын сэтгэл зүйч, Ш.Наранцацралтай ярилцлаа.
Хүүхдийг байнга магтах ёстой юу. Эсвэл хааяа юу?
Эхлээд магтаал урамшуулал гэж юу юм бэ гэдгээс яриагаа эхэлье. Эцэг, эхийн магтаал урамшуулал нь хүүхдийг нийгэмд ямар бие хүн болж төлөвших үү, ямар авьяас чадвар, мэргэжил боловсролтой хүн болох уу, тухайн хүүхэд өөрийгөө хэр үнэлж хайрладаг хүн болж өсөх үү гэдгийг шийддэг харилцааны чухал зан үйл юм. Мэдээж хүүхдийг байнга нэг хэвшмэл үгээр утга учиргүй магтах нь тийм ч сайн зүйл биш. Хэзээ, яаж магтахуу гэдгээс гадна яагаад магтаж байна вэ гэдэг чухал. Ингэж байж магтаал хүүхдийн сэтгэл зүйд сөрөг биш, эерэг үр дагаврыг авчирна.
Аав, ээж нар хүүхдээ байнга оновчгүй магтсаны сөрөг үр дагавар нь юу байж болох вэ?
ЮУНЫ ТҮРҮҮНД ЦАГАА ОЛООГҮЙ ҮНЭ ЦЭНЭГҮЙ МАГТААЛЫГ БАЙНГА ХЭЛСНЭЭР ТЭР МАГТААЛ ЧИНЬ ТУХАЙН ХҮҮХДИЙН ХУВЬД ЯМАР Ч ҮНЭ ХҮНДГҮЙ БОЛОХООС ГАДНА ТЭР ХҮҮХЭД ЗӨВХӨН ХҮНЭЭР МАГТУУЛАХЫН ТУЛД АЛИВААГ ХИЙДЭГ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШИНӨ. ЭМИЙГ БАЙНГА ХЭРЭГЛЭЭД БАЙХААР ТҮҮНДЭЭ ДАСАЛ БОЛЧИХДОГТОЙ ЯГ АДИЛХАН ГЭСЭН ҮГ. УЛМААР ХҮҮХЭД ХҮНИЙ МАГТААЛГҮЙГЭЭР ӨӨРӨӨ БИЕ ДААГААД АЛИВААГ ХИЙЖ, ҮЙЛДЭХ СОНИРХОЛГҮЙ БОЛЧИХДОГ ТАЛТАЙ.
Шүүмжлэл, магтаалыг хэрхэн хослуулах уу?
Магтаал бол яалт ч үгүй хайрын хэл мөн. Магтаалыг хэрхэн оновчтой, цагаа олж хэлэх вэ гэдэг чинь бүхэл бүтэн техник гэж хэлж болно. Таны хүүхэд гарын доорхи хэн ч хийчихэж чадах хөнгөхөн ажлыг өөрөө бие даагаад хийж байхад нь заавал магтах шаардлагагүй. Харин хүнд хэцүү зүйлийг сайн хийж байгаа тохиолдолд магтаал хэлэх хэрэгтэй. Ингэхдээ бас их учиртай. Зүгээр л хий хоосон чи мундаг шүү, миний хүүхэд ёстой сайн гээд байж болохгүй. Үүний оронд чи өнөөдөр гэрийн даалгавраа ёстой сайн хийж чадлаа. Чиний хийсэн энэ арга чинь болж байна шүү дээ гэх маягаар урамшуулдаг байя. Хүүхэд чинь эвлүүлдэг шоог өөрөө бие даагаад эвлүүлчихлээ гэж бодъё. Ийм тохиолдолд миний хүү ёстой супер шүү, ямар мундаг юм гэхээсээ илүүтэй чи яаж үүнийг эвлүүлчихэв ээ. Яг ямар аргаар ингэж чадав аа гэх маягаар хийсэн бүтээснийг нь олж харж магтах хэрэгтэй. Ингэвэл хүүхэд тань дахиад өөрөө бие даагаад өшөө илүүг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч хүн болж хөгжинө.
Харин шүүмжлэлийн тухайд?
Шүүмжлэхэд ч бас учир бий. Учир зүггүй шууд л ахин дахин загнаж шүүмжлээд байж болохгүй. Таны хүүхэд гэрийн даалгаврынхаа бодлогын заримыг зөв, үлдсэнийг нь буруу бодчихжээ. Ийм тохиолдолд шууд л чи буруу бодоод байхдаа яадаг юм гэхийн оронд миний охин энэ хэдэн бодлогоо яасан зөв бодчихоо вэ гэж урам өгөөд хойноос нь гэхдээ миний охин энэ хэдийг нь алдаад бодчихсон юм биш үү гэх маягаар алдааг нь олж хэлдэг байвал зүгээр. Ийм тохиолдолд хүүхэд дуулгавартай сонсохоос гадна алдаагаа олж харж, хүлээн зөвшөөрч чаддаг.
Хүүхдийн тархи оюун том хүнийхээс ялгаатай байдлаар магтаал урамшууллыг хүлээж авдаг уу?
Хүүхдийн тархи бүтцийн хувьд тэс өөр. Шилжилтийн нас буюу 12-25 насны хооронд хүүхдийн тархи оюун хамгийн сайн хөгждөг. Тиймээс энэ насандаа яагаад намайг шүүмжлээд загнаад, эсвэл магтаж урамшуулаад байгаа юм. Би яах ёстой юм бэ гэдгийг ойлгож авдаг.
Зөрүүд болон гутранги зан араншинтай хүүхдэд магтаал, шүүмжийг яаж хослуулах вэ?
Хүүхэд үргэлж нэг хэвийн байхгүй нь ойлгомжтой. Дандаа аав, ээжийнхээ хайрыг татах юм уу, эсвэл байнга дуугүй ноомой байна гэж байхгүй. Ер нь бол хүүхдийг өөрийнхөөр нь биш, өөрсдийнхөөрөө байлгахыг оролдсоноос болж хүүхэд зөрүүдэлдэг. Харин гутранги хүүхдийн тухайд юунаас болоод яагаад гутардаг шалтгааныг нь олох хэрэгтэй. Ингээд тухайн хүүхдийн хувь зан чанарт нь тохируулж магтдаг байвал зүгээр.
Хүүхдэд хайрын үндсэн таван хэл байдаг. Энхрийлж тэврэхээр хайрыг мэдэрдэг, халамжлуулахаараа хайрыг мэдэрдэг, бэлэг авахаараа хайрыг мэдэрдэг гэх мэтчилэн. Хүүхэддээ заавал үнэтэй тоглоом зэргийг авч өгөхөөсөө илүүтэй хайрлаж, хайрыг мэдрүүлж урамшуулах ёстой. Би чамд өнөөдөр дуртай хоолыг чинь хийж өгье гэх буюу миний хүү өнөөдөр ядарсан уу, хоёулаа чиний дуртай киног хамт суугаад үзэх үү гэх мэтчилэнгээр урамшуулж, хайрлаж болно шүү дээ. Харин халамжлуулах дуртай хүүхдүүдийн хувьд хийж байгаа зүйлийг нь хамт хийлцэж, чи сайн хийж байна шүү хэмээн магтаж, урамшуулж болно.
ЗАРИМ ТОХИОЛДОЛД ОГТ МАГТАХ ШААРДЛАГАГҮЙ ХҮҮХЭД Ч БАС БАЙДАГ. ХҮҮХДИЙНХЭЭ ОНЦЛОГООС ШАЛТГААЛААД БИ ҮҮНИЙГ ХИЙГЭЭД ЧАДЧИХСАН ЮМ ЧИНЬ ХЭМЭЭН ӨӨРИЙГӨӨ МЭДЭРЧ ЧАДДАГ ХҮҮХЭД ГЭСЭН ҮГ.
Магтаал, шүүмжлэлийг хэдэн наснаас нь эхэлж хүүхдэд хэрэглэж эхлэхэд тохиромжтой вэ?
0-7 сартай хүүхдэд магтаалыг хайраараа орлуулж мэдрүүлэх хэрэгтэй. Миний түрүүн хэлсэнчлэн хайрлаж халамжилж, энхрийлэн тэвэрдэг байвал энэ нь тэр насны хүүхдэд магтаал болж байгаа юм. Мөн бага насны хүүхэд ээж, аавынхаа үснээс зулгаах, хөхнийхөө толгойг чанга хазах гэм мэт үйлдэл гаргадаг. Ийм тохиолдолд хүний үснээс зулгаах нь буруу гэдгийг дохио зангаагаар ойлгуулж болно. Хөхний толгойг чанга хазаад байвал мөн адил боль гэж хэлээд амнаас нь сугалж авах гэх мэтээр ойлгуулах ярианы болон биеийн хэлийг хэрэглээрэй.
Нэг, хоёроос дээш насны хүүхдэд бол хийж буй бүхий л үйлдлийг нь ажиглаж байгаад урам дэмжлэг өгөх хэрэгтэй. Жишээ нь хоёр настай нэг хүүхэд өөрийнхөө гутлын үдээсийг оролдсоор байгаад бомбойлгоод үдчихсэн байх жишээтэй. Ийм тохиолдолд томчууд ингэж үдээд байхдаа яадаг юм гэж хэлэхийн оронд миний хүү чинь яаж ингэж үдчихээ вэ. Ёстой зөв үдсэн байна гэх мэтээр урамшуулж өгөх хэрэгтэй. Ийм маягаар тухайн хүүхдийн насанд нь тохирсон, хийж буй ажилд нь тохирсон зохих магтаал, урамшууллыг зөвөөр хэлдэг байцгаая.
Одооны хүүхдүүд хэтэрхий хүний үг даахгүй сул дорой болсон гэж яридаг. Бидний үед аав, ээждээ, багшдаа загнуулаад болдог л байсан. Ингэлээ гээд муудаагүй гэж зарим хүмүүс ярьдаг?
Хүний сэтгэл зүй гэдэг нийгмээ дагаад хувьсаж өөрчлөгдөж байдаг. Орчин үеийн хүүхдүүд нийгмээ дагаад их зүйлийг үзэж харж, сонсож мэддэг болжээ. Ийм учраас хүн өөртэй нь зөв харьцаж байна уу, үгүй юу, өөрийнх нь эрх юу юм гэдгийг мэддэг болчихож. Дээхнэ үеийн хүүхдүүд томчуудын загнаж зандрах, ганц нэг цохиод авах зэргийг тэсвэрлээд тоохгүй сурчихсан байж болно. Гэвч одооны хүүхдүүдийн хэрэгцээ өөр болжээ. Хүүхдүүд маань интернэтээс хүссэн сэдвээрээ хайлт хийгээд түүнийгээ олж чадаж байна. Тиймээс үе үеэрээ өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Үе үеийн хүүхдүүдийн сэтгэл зүй өөр. Мэдээж сахилгагүйжүүлэлтийн арга хэмжээ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Би хувьдаа хүүхдийнхээ хонгон дээр ганц нэг цохиж алгадаад авахыг онцгой тохиолдолд байж болно гэж үздэг. Ингэхдээ цохиж авч байна гээд заавал муухайгаар хашгирч орилж, зандарч шийтгэх албагүй. Хүүхэд чинь өмнө нь гаргасан алдаагаа яг давтаж байгаа бол. Та тэр алдааг өмнө нь нэг удаа хэлж анхааруулаад өнгөрсөн бол хоёр дахь удаад ганц нэг удаа хонгон дээр нь цохиод авах зэргийн асуудал байх. Гэхдээ өмнө нь өөрөө хэлж, анхааруулж, алдаа оноог нь зааж өгөөгүй байж чи алдаагаа давтлаа гээд цохиж аваад байж болохгүй. Учир шалтгаан, алдаа дутагдлыг сайн хэлж, ойлгуулах нь илүү чухал шүү.
Аав, ээж нь хүүхэдтэйгээ муудалцсаныхаа дараа буцаад яаж эвлэрэх ёстой вэ?
Эхлээд хүүхэддээ буруугаа ойлгож, бодож тунгаах хугацаа өгөх хэрэгтэй. Ингээд бодож тунгаасных нь дараа чамайг тийм буруу зүйл хийсэн учраас аав, ээж нь ийм сахилгын арга хэмжээ авсан. Чи үүнийгээ өөрөө ойлгож, алдаагаа давтахгүй байх хэрэгтэй гэдэг талаас нь сайн ярилцах хэрэгтэй.
Аав нь загнаж байхад ээж, эсвэл ээж нь загнаж байхад аав хүүхдээ өмөөрөөд байдаг. Ийм тохиолдолд яах ёстой юм бэ. Хүүхдийн хүмүүжилд энэ нь буруугаар нөлөөлөх нь мэдээж, тийм үү?
Хүүхдийг эрхлүүлж болно, хайрлаж болно. Гэхдээ хүүхдийг эвддэг хамгийн том шалтгаан бол чиний хэлсэнчлэн нэг нь загнаж байхад нөгөө нь өмөөрөх, аав, ээж хоёр хоёулаа нэг санаатай байж чадахгүй байгаа явдал. Энэ бол маш буруу. Аав, ээж хоёр хүүхэддээ нэгдмэл нэг биш байгаагаа харуулснаар тухайн хүүхдийн зан араншинг маш их эвдэлдэг. Тиймээс аав, ээж хоёр санаа нэгтэй нэгдмэл байгаад ирэхээр хүүхэд аяндаа түүнд нь захирагдаж, алдаа оноогоо харж эхэлдэг юм.
ААВ, ЭЭЖ ХОЁР НЬ БИЕ БИЕЭСЭЭ ӨМӨӨРСНӨӨР ХҮҮХЭД ГУРАВДАГЧ ГАДНЫН ХҮНИЙ ҮГИЙГ ДАГАДАГ БОЛЖ БУРУУ ТӨЛӨВШИХ МАГАДЛАЛ ӨНДӨРТЭЙ.
Таван настай хүүхэд хэтэрхий өөрийнхөөрөө зан араншинтай. Үргэлж өөрийнхөөрөө бие дааж шийдэхийг эрмэлздэг тухай нэг ээж ярьсан. Ийм тохиолдолд яах ёстой вэ?
Мэдээж өөрийнхөөрөө бие дааж аливааг хийж, шийдэхийг эрмэлзэх нь авууштай зан чанар мөн. Гэхдээ энэ зан чанар нь байх ёстой хил хязгаарыг давах ёсгүйг анхаарах ёстой. Тиймээс давж болох, болохгүй хил хязгаарыг нь тодорхой болгож, ойлгуулж өг. Хүүхэд ер нь өөрийнхөөрөө байгаа нь их том давуу талтай. Багаасаа бие дааж, өөрийгөө авч явах чадвар сууж байгаа хэрэг. Гэхдээ ийм хүүхдийг өөрөөр нь тухайн зүйлийг хийлгээд хойноос нь байнга анхаарал тавьж, хянах хэрэгтэй гэж зөвлөе.
3-4 настай хүүхэд тоглоомоороо шинэ дүрс гаргаж тоглох бүртээ энийг хараач гээд магтуулах гэдэг. Энэ үйлдлээ байнга хийдэг бол яах вэ гэж бас нэг ээж асуусан юм?
Тэр хүүхэд байнга энийг хар аа гээд байна гэдэг чинь аав, ээжээсээ төдий чинээ анхаарал халамж хүсч байна л гэсэн үг. Та хоёрын надад гаргаж байгаа цаг зав чинь миний хувьд хангалттай биш байна гэж хэлж байгаа хэрэг. Өөр нэг зүйл гэвэл бид хүүхдийг магтахдаа заримдаа үг хэл, үйлдэлдээ анхаардаг байх хэрэгтэй. Хүүхэд нь энийг хар аа гэсэн төлөө ямар гоё юм бэ. Миний хүү чинь ямар мундаг юм бэ гээд бөөн дуу шуу болоод хэтрүүлээд магтчихаар нөгөө хүүхэд ахин дахин яг тийм аргаар магтуулах гээд байдаг болчихдог. Тиймээс миний хэлсэнчлэн үр дүнтэй, бодитойгоор магтах хэрэгтэй. Хүүхэд чинь шинэ зүйлийг сурч эзэмшиж байвал магтана. Харин нэгэнт хийгээд сурчихсан зүйлээрээ ахин дахин магтуулах гээд байвал аав, ээж нь заавал тэр болгонд магтаад байх шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өөр нэг зүйл нь хүүхдийг бусадтай харьцуулах аргаар магтдаг байж хэзээ ч болохгүй. Миний хүү ямар мундаг юм бэ. Гэтэл энэ хажуу айлын хүүхдийг хар. Халтайчихаад байж байгааг нь. Миний хүүг хэн ч гүйцэхгүй гэх маягаар магтаад байвал хүүхэд чинь биеэ тоосон, бусдыг үл тоомсорлодог давилуун хүн болж өснө гэдгийг анхааруулъя.