Альберт Эйнштейн “Хүний хамгийн дээд үнэ цэн бол бусдын төлөө амьдрах” гэж бичсэн байдаг. Эмч хүн л хүний төлөө бүхнээ зориулж чаддаг. Энэ сайхан мэргэжлийг бий болгоход, олон сайхан эмч нарыг төрүүлэхэд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн \АШУҮИС\ оруулсан гавьяа үнэлж баршгүй юм. Анх МУИС- ийн дэргэд хүн эмнэлгийн факультет дөрвөн тэнхим, гучин дөрвөн оюутантай байгуулагдаж, анхны деканаар Оросын эрдэмтэн В.Н.Топольский томилогдож, зөвлөлтийн мэргэжилтэн багш нар орчин цагийн анагаах ухааныг монгол улсад хөгжүүлэхээр ажиллаж, багшилж эхэлснээр Монгол Улсад үндэсний эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэгдэж эхэлсэн түүхтэй. 1943 онд хүн эмнэлгийн факультетын үндсэн ангид 24 Монгол, 10 Орос, нэг жилийн бэлтгэл ангид 19 Монгол сонсогчид суралцаж, 1947 онд Монгол Улсад бэлтгэгдсэн анхны 14 эмч төгсөн гарч байсан талаар АШУҮИС-ийн түүхэн товчоонд тэмдэглэгдсэн байдаг. Тэр 14 төгсөгчдийн ес нь сургуульдаа багшаар үлдсэний нэг нь миний хань Очийн аав Анагаахын нэрт эрдэмтэн, Монгол Улсад эмгэг физоилогийг үндэслэгч их эрдэмтэн Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын хүү Б.Од юм. Мөн 1960 онд анхны хүний гавьяат эмчээр Л.Дагзмаа, Н.Занаа, Д.Тамжав нар тодорч байсан бол түүхэн хөгжлийн явцад АШУҮИС-иас төрөн гарсан эрдэмлэг гавьяат эмч нарын тоог тоолоод баршгүй их болсон байна.
Улс үндэстэн болгон өөрийн хөгжлийн түүхтэй байдгийн адил бүхий л салбар мөн үүсэж хөгжсөн түүхтэй. Түүх түүхээ хөгжүүлж явсаар өнөөдөр жижигхэн факультет төрийн үндэсний том их сургууль болтлоо хөгжсөн байна. ХХ зууны Английн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Нобелийн шагналт Жорж Орвел “Аливаа улс үндэстнийг мөхөөх хамгийн дөт зам нь өөрсдийнх нь түүхийн талаарх тэдний ойлголтыг өөрсдөөр нь үгүйсгүүлж, өөрсдөөр нь ор үндэсгүйгээр устгуулах явдал юм” гэж хэлсэн байдаг. Сүүлийн үед түүхийг дур зоргоороо гуйвуулан өөрчлөхийг оролдож байна. Хойд хөрш маань гэхэд л өөрийн түүхээсээ бидний оролцоог баллуурдаж өөрчилж байна. Хэчнээн гашуун ч туулсан түүхээ бид дээдэлж, харин алдааг нь давтахгүй байхыг эрхэмлэх учиртай. Ард түмнээ өөрийн өвөрмөц, давтагдашгүй арга барилаар анагааж хорьдугаар зуунтай, орчин цагийн анагаах ухаантай залгуулсан Монголын үе үеийн сэхээтнүүд, маарамба, хуврага нар мөн монгол анагаах ухааныг дэлгэрүүлэн хөгжүүлж “Монгол анагаах” гэсэн брэндийг бий болгож яваа уламжлалт анагаах ухааны эмч нарын түүхэн гавьяа, хувь нэмэр их. Их бичгийн хүн Лодонгийн Түдэв гуай нэгэнтээ “Анагаахын багш бол хос морьтой хүмүүс юм, хүний эрүүл мэндийг сахин хамгаалахын зэрэгцээ өөрсдийн ирээдүй залгамж хойч үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэдэг эмч, багш нар юм” гэж хэлсэн байдаг. Анагаахын сургуульд багш-эмч, Их сургуулийн эмнэлэгт эмч-багш нар ажилладгаараа яах аргаагүй хос мэргэжилтнүүд юм. АШУҮИС түүхэндээ зуун тавин мянга гаруй эмч нарыг Монгол Улсад бэлтгэн гаргаж эмчийн тангараг өргүүлсэн байна. Эмчийн тангараг өргөсөн тэр мөчөөс эмчийн ариун үйлс эхэлж, эмч мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, хөдөлмөрч зан чанар, хүний төлөө гэх нинжин сэтгэл, эмч хүнд байх сайн сайхан бүх чанарыг эмч өөртөө бий болгож өөрийн төлөө бус бусдын төлөө амьдрал оюун ухаанаа зориулж эхэлдэг.
Эмч хүн мэргэжлээ сонгодоггүй, цаанаас нь “чи эмч бол” гээд томилдог, тийм л томилгоотой хүмүүс гэж боддог. Тийм ч учир хүн болгон хүссэн ч эмч болж чаддаггүй нь ийм л учиртай. Жирийн хүн өөрийнхөө амь насыг хамгаалж, дааж явдаг бол, эмч хүн, хүн болгоны амь насыг хамгаалж, тэдний эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээдэг. Жирийн хүн сурах хугацаа нь хязгаартай байдаг бол эмч хүн бүхий л амьдралынхаа турш сурч, суралцаж, сургаж, бусдын амьдралын төлөө тэмцэж, өөрийн эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхдээ умартан хөдөлмөрлөдөг. Тэдэнд хүний амьдралд тохиолддог бүхий л зовлон, жаргал байдаг.
Гагцхүү тэд минь зөвхөн өөрийн хэрэг хэмээн ухамсарлан бусдад нялзаалгүй, өөрсдөө чимээгүй даван туулдаг.
Тиймээс Монголын эмч нарыг өсгөж, хүмүүжүүлж, төрүүлэн гаргасан бидний багш нар, алтан үеийнхэн, үе үеийн төгсөгчид, одоо ажиллаж буй эрдэмтэн багш, эмч нар, эмч болохоор суралцаж буй оюутан залууст зориулан төрийн шагналт барималч Ц.Амгалангийн бүтээл болох эмчийн хөшөөг АШУҮИС-ийн төв үүдэнд бид Эмчийнхээ алдар гавьяаг мөнхлөн Монголын эмч нарын VI их хурлыг угтан босголоо.
Эмчийн алдар гавьяа мандан бадрах болтугай.
Ж.ЦОЛМОН АУ-НЫ ДОКТОР ПРОФЕССОР