Төсөрхөн нэгэн сонин хүн намайг зорин ирж уулзав. Социализмын үед хүмүүжиж боловсорсон, Европт олон жил амьдарсан энэ хүн бөө болоод арваад жил болжээ. Шашингүйн үзлээр хүмүүжсэн, европ боловсролтой тэрбээр бөө болохгүй гэж олон жил зөрүүдэлсэн ч аргагүйдэн онгодоо авсан нэгэн гэнэ. “Сүүлийн үед надад Их хааны онго буудаг болсон” хэмээн түүнийг хэлэхэд би нэг их гайхсангүй. Энд тэндгүй л Их хааны нэр барьсан “шидтэнгүүд” тодорч ийм ч буулт, тийм ч айлдвар буулгалаа гэлцсээр удсан, товчхондоо хуучирсан сэдэв болохоор тэгсэн хэрэг. Гэвч “Судлаач хүн болохоор чинь би танд хандаж байна. Гэхдээ намайг хэн гэдгийг битгий зарлаарай” гэсэн түүний гуйлт анхаарлыг минь татлаа. Уг нь тийм хүмүүс ихэнхдээ намайг олонд зарлаад таниулаад өгөөч гэж гуйдаг, зарим нь бүр “Энэ бол өөрийн чинь үүрэг. Үүнийг эс биелүүлбэл…” гэж сүрдүүлэх маягтай ярьдаг. Гэтэл тэр харин ч эсрэгээр олны анхааралд өртмөөргүй байна гэж ахин дахин сануулсны эцэст өөрт тохиолдсон явдлаа ярив. Товчхондоо бол их хаан ямар царай төрхтэй хүн байсан талаар ярьсан юм. Тэрхүү ярианы ихэнхийг цээжиндээ хавхаглаад Их хааны хөрөг дүрийг тэр бөө хэрхэн бүтээлгэсэн тухайд өгүүлье.
Гэхдээ үүнийг өгүүлэхийн өмнө Их хааны эш хөрөг гэгддэг зураг, хожим бүтээсэн зарим хөргийн талаар эргэн дурсах нь зүйтэй гэж үзлээ.
Тайваний үндэсний мүзейд хадгалагдаж буй их хааны хөргийг 1280-аад оны үеэр Хорихусун гэдэг монгол зураач бүтээсэн жинхэнэ эш хөрөг гэж олонхи үздэг. Их хааны ач хүү Хубилай тэрхүү хөргийг бүтээлгэн шүтээн болгон залж байсан гэдэг. МУСГЗ, хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар энэхүү хөргийн тухай “Чингис хааны харц” нэртэй танин мэдэхүйн сонирхолтой нийтлэл бичсэн байдгийг ялдарт дурдсу. Мөн Бээжингийн түүхийн мүзейд нэгэн цээж хөрөг байгааг мөн л Юань улсын үеийн бүтээл гэж судлаачид үздэг. Аль алийг нь анхдагч бүтээл гэж битүүхэн маргалддаг энэ хоёр хөрөг дээрх дүр ерөнхийдөө хоорондоо нэлээд төстэй.
Тэгвэл Монголын орчин цагийн дүрслэх урлагт Их хааны дүр бас чухал байр суурь эзэлсээр ирлээ. Олон ч зураач өөр өөрийнхөөрөө түүний дүрийг бүтээсэн, бүтээж ч байна. Ү.Ядамсүрэн, Х.Маньбадар, Д.Уртнасан, Ц.Цэгмид, Б.Бадрал, бурханч лам Б.Пүрэвбат гээд олон уран бүтээлч их хааны хөргийг өөр өөрийнхөөрөө бүтээсэн. Х.Маньбадар “Эртний баатар” зурагтаа их хааныг хөрөглөсөн ч тухайн цагийн үзэл суртлын нөхцлөөс болоод шууд нэрлээгүй гэлцэх нь бий. 1990 оноос хойш дүрслэх урлагийн уламжлалт аргаас гадна орчин цагийн модерн, постмодерн, контемпорари урлагийн бүтээлүүд ч бий болсон.
Гэхдээ тэдэн дундаас онцгойлон дурдвал зохих хүн бол Ардын зураач, Төрийн шагналт Ү.Ядамсүрэн абугай юм. Тэр Их хааны хөргийг олон удаа бүтээсэн хүн. 1943 онд хар цагаан хөрөг, 1944 онд тосон будгаар босоо хөрөг, 1962 онд суугаа хөрөг бүтээжээ. Мөн 1965 онд ч бас нэг хөрөг зурсан гэдэг. Түүний “Өвгөн хуурч” гэдэг зураг тухайн цагийн үзэл суртлын нөхцөл байдлаас болоод ийм нэртэй болсон болохоос мөн л Их хааны хөргийн нэгэн хувилбар гэх яриа байдаг. Ү.Ядамсүрэнгийн 1942 онд бүтээсэн “Талын баатрууд” зургийн гол хэсэгт Их хааныг дүрсэлсэн нь бий хэмээн зарим хүн хэлдэг. Энэ бүгдээс харахад Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн уран бүтээлд Их хааны дүр яалтгүй чухал байр суурь эзэлж байжээ. Түүний бүтээсэн Их хааны хөргийн нэг нь Говь-Алтай аймгийн мүзейд хадгалагдан өнөө цагтай золгосон нь ч бодит үнэн.
МУСГЗ, урлаг судлаач Ж.Саруулбуян 2015 онд бичсэн “Чингис хааны хөрөг” өгүүлэлдээ “Ү.Ядамсүрэнгийн бүтээсэн Чингис хааны хөрөг (цээж хөрөг. 1943 он) бол монголчуудын сэтгэл зүрхэнд хамгийн ойр дөт, гэрэл цацруулсан увидаст бүтээл юм. Чингис хааны эши хөрөг хэмээн даяарт тархсан хөргөөс эрс өөр юм шиг атлаа лавтгавал нэг сэжиг улбаатай, бадрангуй үнэмшилт их хааны энэхүү хөргийг энэ цагийнхан дахин анхааран хараасай” гэж бичсэн байдаг.
Миний одоо өгүүлэх түүх Ардын зураач Ү.Ядамсүрэнтэй бас олон талаар холбогдоно. Удган эмэгтэйд Их хааны онго хэрхэн буудаг болсон урт түүхийг алгасаад хөргийн тухай шууд өгүүлье. 2019 оны тавдугаар сард түүнд “Дээдсийнхээ хөргийг бүтээж зал” гэсэн зарлиг буужээ. Тэгэнгүүт Тайваньд байдаг Их хааны эши хөргийг үзүүлтэл “Энэ биш” гээд өөрийгөө “Нүүр эрүү дөрвөлжиндүү, магнай шанаа өргөн, нүд жаахан уртдуу хар, сахал их биш, хүзүү бүдүүн…” гэхчлэн дүрслэн өгүүлж, хэд хэдэн зураачаар зуруулж үзүүлтэл арай болсонгүй хэмээн буцаажээ. Эцэст нь бүх дүрийг авчир хэмээснээр янз бүрийн цаг үед бүтээгдсэн Их хааны хөргүүдийг цуглуулж үзүүлтэл Ү.Ядамсүрэн зураачийн зурсан хөргийг их төстэй юм, жаахан засахад болно гээд, юуг нь хэрхэн өөрчлөхийг нарийн тодорхой хэлж өгчээ. Мөн энэ зураачийн үр удамтай очиж уулз гэснээр зээ охин Я.Булгантай нь уулзсан гэнэ.
“Өвөө нь гаднаа нам, дотроо лам” гэж ач зээ нартаа хэлдэг байсан Ү.Ядамсүрэн зураач байнга бясалгал хийдэг хүн байжээ. Энэ нь ч учиртай. Түүнийг 1905 онд төрөхөд “Ихэд онцгой хувилгаан шинжийн хүү төрлөө” гэж шинжээд зургаан нас хүртэл нь гадагш гаргаж, хүнтэй уулзуулаагүй бөгөөд энэхүү хорио өнгөрмөгц хийдэд шавилуулж, 18 нас хүрэхэд Богд гэгээнд бараалхуулан адис хүртээж байсан онцгой түүхтэй аж. Тийнхүү 25 нас хүртлээ хийдэд шавилаад цагийн эрхээр бурхан шашны үйлээсээ хөндийрч, Хэвлэх үйлдвэр, Судар бичгийн хүрээлэн зэрэг газар ажиллаж, алдарт зураач марзан Б.Шаравын гарын шавь болж, хожим нь В.И.Суриковын нэрэмжит уран зургийн сургуулийг зураач мэргэжлээр төгссөн Ү.Ядамсүрэн зарим зургаа бүтээхдээ дотоод сэтгэлээ ихэд хөвчилж, билгийн мэлмийгээр тольдон туурвидаг байсан гэдгийн нэг нь Их хааны хөрөг байж мэдэх улбаа эндээс анзаарагдаж байна.
Мөнөөх бөөгийн тухайд хөрөг бүтээгч, авьяаслаг зураач Б.Насанцэнгэлээр Их хааны хөргийг зуруулжээ. Тэгэхдээ энэ хөрөг тийм ч амархан бүтчихээгүй аж. Хэд хэдэн удаа завсар оруулж, сүүлдээ Б.Насанцэнгэл уран бүтээлчийн хувьд бага зэргийн мухардалд орж, урам хугараад байтал нэг өдөр “Өнөө шөнө зүүдээ мана гэж зураачид хэл. Дүрээ харуулна” гэж онгод айлдсаныг дамжуулж, үнэхээр зураачийн зүүдэнд бүтээж буй хөрөг нь илүү тодорхой харагджээ. Зүүдэнд харсны дагуу зарим нэгэн засвар хийсний эцэст одоо болсон байна хэмээн онгод таалсан аж. Их хааныг цагаан цайвар дээлтэй, хар булган дахтай бүтээ гэсэн ч арай цулгуйдаад байсан тул Ү.Ядамсүрэнгийн зурсан хөрөг дээрх сүлжмэл алтан хээтэй хүрэн өнгийн цээжмэгийг дуурайлган зурмаар байна гэхэд нь зөвшөөрсөн гэнэ. Мөн Ү.Ядамсүрэн зураачийн үр хүүхдүүдээс ч бас зөвшөөрөл авч байж бүтээсэн гэнэ. Онгодын захиас зарлигаар Их хааны хөрөг бүтсэн түүх ийм буюу.
Урианхан Б.Галаарид