За сүүлийн хоёр өдөр олон ангит кинонд улс орноороо тоглоод арай л шургаж унасангүй. Гол дүрүүд дараагийн ангидаа бэлдээд нүүрээ будаж, нөгөө үгээ цээжилж байгаа. Солонгос сериал, энэтхэг кино, америк дурлал, турк аж байдал, япон өш хонзон, хятад жонхуу цаашаа болсон шүү дээ. Хоёр том гэр бүлийн хооронд хүний амины нэхэлтэй дайн эхэлж, хөлд нь хэвлэлийнхэн тэр чигтээ, хөөрхий төрийнхөн бүр ташраараа, хууль хүчнийхэн хуу хамагдаад бужигнаж байх зуур чоно ганжиндаад унагаадаг бүсгүй бүр яг дундуур нь шуугиад л ороод ирсэн. Тэр юу ч биш, Ариг банкны үйлчлүүлэгчид арай ядан алалцаж байх хооронд тагнуулынхан үзэгдэл андуурч өрвөлзөж орж ирээд, хөөрхий туслах дүрийн орос залууг хөлдөж унагаад, хөсрийттөл дээрэмдчихдэг юм байна. Өө бүр ингэх байсан юм уу гээд шуугиж байтал цагдаагийн шүгэл тас няс болоод явчихлаа.
Цагдаа нь тагнуулаа бариад, орос залуу ор дэрээ бараадсан уу, ордон хавьд бүгсэн үү, чимээ алдарлаа. Аягүй бол тэр яг дараагийн ангид хэн нэгэн боссын охины дурлалт залуу болж гарч ирээд алах вий дээ. Нээрэн, оймсны түрийнээс олдсон мөнгө, төрийн нарийний шүүгээнээс шүүрүүлсэн мөнгөнүүд ингэхэд хаачив аа, олж цэцэрлэг барих юмсан гэж сэрүүн зүүдэлж байтал орос залуугийн овоо их рубль цохиж унагаадаг гэжийшдээ. Хурандаа нарын үнэгүй пентхаус, казинод мөнгөгүй орж өнгөгүй гарсан Лүндээ, дурандсан дурын духыг бүгд мартаад мангартаж байтал Нямка дарга намирч байгаад нөгөө гол дүрийн Номтойгийн бүрэн эрхийг бүтэн хагас нь мэдэгдэхгүй түдгэлзүүлээд, хэвлэлийнхэн хэсэгтээ дайны байдалд ордны үүд сахичихдаг байгаа. Улсын ерөнхий прокурорын захирамжийг нууцхан хэлэлцэж байх хооронд Номтой гүйж гарч ирээд хөөрхөн мэдэгдэл хийж хөлд суух гэж байна аа, янз нь. Аавыгаа авчирна гэж арай л айлгаагүй. Эх адаггүй энүүгээр ч бужигнаад, түүгээр ч түжигнээд, туслах дүрийн мань хэд хүүхдээ аваад байдгийнхаа баруун хаяаг бараадаж явтал сургууль цэцэрлэгүүд бүтэн сар хөл хориод, хөөр болчихлоо. Араас багш нь утасдаад, араараа тавиулчихлаа, аргатай золигнууд вэ, гэрийн даалгаврыг чинь шидлээ шүү, шүүрээд аваарай гээд л савж байна.
Бөглөрөл дунд яаж шүүрэх вэ дээ, шүлсээ залгиад л, шүглээ сонсоод замаа дагаж байгаа юм чинь. За тэгж байтал бүр замбараагүй юм боллоо. Олны шүтээн Отгонтэнгэрийг ухах гээд лиценз олгосон явдалтай Засаг дарга нь тэмцээд, яаманд мэдэгдэл гаргажээ. Яам нь тэгж ярихгүй, тэрнийг чинь ухна гэж тэнэгтээд, Засгийн газар хүртэл зарга үргэлжлээд, адаг сүүлд нь нөгөө Хүрэлсүхийн сэлэм эргэж байж Очирваанийнхаа толгойг олсноос чөлөөлдөг байгаа. Гэхдээ нөгөө дүүжлүүрийн олс бүрэн тасраагүй санжиганаад, яг аймшиг. Тэр Очирваань нь яасан ч их үс ноостой, ямар ч их шүр сувдаар гоёсон толгойтой юм, яджаахад. Тэгж байтал гэнэт шинэ гол дүр шургаж орж ирээд Хүкийг дэлсээд, олсоо залгаад алах вий дээ. Өмнөх ангийн Цэнглиш цэнгэн хөгжилдье өө гээд ихээхэн үймүүлж, амбан элчингүүдийн ханшийг унагаж, аяга халбагыг амдан булаалдах зуур дараагийн ангид гарах ёстой байсан бөхчүүд камер андуураад ороод ирсэн, допинг яриад дориун чанга дуугараад үнэмшилтэй гэгч нь аваад хаядаг юм даа. Намайг анги алгасаад ангайж байх хооронд амралтын газраас арай л их хар тамхи илэрчихсэн үү, үзсэн нь гүйцээгээд яриад өгөөрэй. Өө бүр тэтгэврийнхэн маань тэнэж яваад түрүүчийн ангиудын олны дүрд овоо тоглосон, одоо ч үзэлцэж л байгаа. Сүүлдээ бүр юу болсон гээч манай найруулагч алга болчихсон. Зураглаач, эвлүүлэгч, үзэгчид сандарч давхиад, найруулагч хаачив аа, наашаа цаашаа, маргааш тэгээд яах юм бэ, юун олон туслах найруулагч хаанаас гараад ирэв ээ, нүүр будагчид, дуу оруулагч, орлон тоглогчид битгий камерын урдуур гүйлдээд бай гэлцээд…хөлд нь хөлсөж уначих гээд арай л гэж хотоос гарч, зам зуураа гар ариутгаж ам зайлах спирт олж ганзагалж амжсаныг яана. Буусан айлын ах өнөөхөөр маань шараа тайлчихсан биш хоолой амаа түлчихээд үг дуугүй бүлтэгнэж, утаагүй түлшний уут заагаад л уухичаад байхыг харах ч там юм аа. Үсний хавчаараа мартсаныг хэлэх үү, өрвийчихөөд л түлээн дээр түлээ оргиод сууж байхаас өөр арга алга.
Кино андуураад, холиод байх шиг болохоор нь титрээ гүйлгэж харлаа. Зохиолч нь Энхбаяр, дараагийн зохиолч нь Элбэгээ, тэгснээ хянагч зохиолч нь Миеэ, будаа идсэн зохиолч нь Зандка, Зиндка…хөөе ийм олон зохиолч хэзээ хаана байлаа? Гол дүрүүдэд Сайханбилэг, Баяр, Хүк, Номтой, Нямка, Цэнгэл, Сарангэрэл, Оюунхоролмаа…юун ч олон гол дүртэй юм. Хөдөө ирээд амсхийх зуураа бодсон чинь манай сериалын анхны зохиолч аль эрт сүүлээ хавчин зугатаад, шинэ зохиол эхлүүлчихсэн элдэвлэж яваа бололтой, харин ерөнхий найруулагч маань Шар хаданд очих хэрэгтэй болсон байна! Ингэхэд Шар хадны эмч нар дүрийн сургуулилтандаа гарсан уу, энэ ганж барьсан эмэгтэй холдооч ээ, яадаг баавгай алмар вэ, ерөнхий найруулагчийн туслах хаачив аа, үүний нүүрийг хурдан хувиргаад оронд нь камерийн өмнө гарга…мотор…ингээд байхаар энэ кино чинь хэзээ дуусах юм бэ эээээ, хэлээд ац!