Р.Анхням: Настай хүнд элэгсэг хандаж бай, залуусаа

Кино урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Р.Анхням сошиалд тун идэвхитэй нэгэн. Тэрээр өөрийн цахим хуудсаа ашиглан залууст “сургааль айлджээ”.

Тэрээр “Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар, хүү ч орно оо. Эмээ, өвөө, ээж, аавдаа тусалж бай! Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ! Гуравхан элдүүр гурил элдэж, хэрчээд нэг завандаа оруулаад өгчхөд л тус. Жоохон бондгор махаар хорь, гучхан банш хийгээд өгөхөд тус болно оо. Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм.
Хэдхэн ээлжийнх нь хувцсыг сайхан угааж индүүдээд өг, ярьсан яриаг нь тогтоод чагна, хийсэн хоолыг нь магтаад ид. Завгүй байсан ч зориулаад цаг гаргаж бай. Тэврүүлээд үнсүүлж бай. Ядаж л хожим гэмшингүй шүү дээ. Хэн ч байсан настай хүнтэй элэгсэг хандаж зөрөөд өнгөрөхдөө нүүр рүү нь эгц хараад өөрт нь зориулаад инээмсэглээд өнгөрч байгаарай. Энэ чинь л буян шүү.

Бүх хүмүүс өтөл насыг туулна шүү дээ” гэжээ.

