Н.Гаамаа: Асрамж биш гэр бүл байхыг эрхэмлэдэг
Асрамжийн газар гэхээр яагаад ч юм бэ хүн бүр очоод байдаггүй, тэнд амьдардаг хүүхдүүд нь гуниг дүүрэн харц, гэгээн мөрөөдлөө гээчихсэн мэт сэтгэгдэл олон хүнд төрдөг. Ядахад сүүлийн жилүүдэд асрамж, буяны үйлээр ашиг хонжоо хайгчид ч их болсон. Тиймээс бид энэ удаа тэдний гэр бүлийг зорьсон юм.
Н.Гаамаа гэх хижээл насны эмэгтэй “Манай гэр бүл”-ийн ээж юм билээ. Хүүхдүүдийн ихэнх нь түүнийг Амаа гэж авгайлах бөгөөд бусад нь ээж гэж дууддаг аж. Гэхдээ тэр энэ өнөр гэр бүлийн ээж болохоос өмнө сэтгэл судлаач, сэтгэл зүйчээр ажилладаг байсан тухай бид ярианыхаа үеэр сонссон.
Орон сууцны хотхонд байрлах “тэднийх” рүү орохын өмнө орцных нь хажууханд нь хүлэмж бий. Тэнд нь урин дулааны цагт өөрсдийн хэрэгцээний бага зэргийн нарийн ногоогоо тарьдаг ажээ.
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжээд байгаа. Тиймээс “Манай гэр бүл” асрамжийн хүүхдүүд одоогоор сургуульдаа явахгүй, харин теле хичээлээ алгасалгүй хийж буй ажээ.
-Асрамжийн газар байгуулан ажиллана гэдэг хүн бүрийн хүсээд, чадах ажил биш байх. Таны хувьд анх яагаад энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн юм бол?
-Би сургууль төгсөөд Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгт багшийн ажил хийдэг байсан. Хүмүүсийн ярьж сурснаар 24-ийн цэцэрлэг л дээ. Тухайн үед бүтээн байгуулалтын ажилд оролцож буй хүмүүсийн хүүхдүүдийг авдаг байсан. Би чинь өөрөө залуу байсан болохоор тэднийхээ ээж, эгч нь болоод л ажилладаг байлаа. Тийм болохоор асрамж, халамжийн чиглэлээр ажиллахад бэрхшээл тулгараагүй. Анх 1998 оноос Япон улсын иргэн, Токиогийн их сургуулийн багш Аратамэ-Кэн гэж өндөр настай хүн манай улсад ирж, дүүргүүдийн халамж, асрамжийн газруудад судалгаа хийж явсан юм билээ. Монголд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг газар хэр их байна, хүүхдүүд яагаад өнчин үлдээд байна гэхчлэн судалгаа хийсэн байсан. Тэр хүнтэй тохиолдлоор уулзсан. Тухайн үед СХД 18-19 хороодтой байсан. Тэндэхийн амьжиргаа доогуур болон өрх тойлгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тодорхой хэмжээгээр туслаж байсан. Тэр хүнтэй 5-6 жил хамт ажиллаж байгаад би үндсэн ажлаа орхиод 2003 оноос байнгын асаргааны ажлыг эхэлсэн. Мэдээж надаас ч гэсэн судалсан, асуусан. Та цаашид ажиллаж чадах уу, танд энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхэд зөвшөөрөл өгөх үү гээд л. Эхний ээлжинд байрны асуудлаа цэгцлэх байсан. Тэгж байж бусад бэлтгэлээ базааж, зөвшөөрлөө авсан. Бид эхнээсээ л хүүхдүүдийн байх орчинд анхаарсан. Асрамжийн газар гэхээс илүү тэдний гэр байх нь чухал. Ингээд эхлээд дөрвөн өрөө байр хөлслөөд түнхний мултралтай, тулгуур эрхтэний саажилттай, оюуны хомсдолтой зэрэг хэвтрийн зургаан хүүхэд авсан. Тэднийгээ 3-4 жил асарч, өсгөсөн. Бүгд хөл, гар нь эдгэрээд сайхан болцгоосон. Үүнийг маань ч төр, засгаас харж, энэ хүнтэй хамтарч ажиллаж болох юм байна гэдэг найдварыг олж харсан байсан.
-Тодорхой хугацаа өнгөрсөн гэхээр хүүхдүүд тань ч томорч бас нэмэгдсэн байлгүй?
-Тэгсэн 12-13-уулаа болсон. ХХҮГ-аас түр байрлуулах хүүхэд өгнө. Гэр орон нь шатсан айлын хүүхдүүдийг хэсэг хугацаанд байлгах зэргээр ажиллаад л байсан. Япон хүн маань 2008 оныг хүртэл бидэнтэй хамт байсан. Өөрөө их өндөр настай болохоор сүүлдээ цаг агаар, ус, хүнс зэргээс эхлээд жаахан хэцүү болсон. Тухайн үед тэр хүн 5 багш, 1 жолоочийг цалинжуулж, хүүхдүүдийн эрүүл ахуйн болоод хоол хүнсний бүхий л асуудлыг өөрөө зохицуулдаг байсан болохоор надад бол айхтар бэрхшээл байсангүй. Үндсэндээ дутагдах, гачигдах зүйлгүйгээр ажил маань эхэлсэн. Тиймээс ч би энэ сайхан ажлаа цааш нь үргэлжлүүлээд явах ёстой гэсэн бодол, сэтгэлээр хандсаар асрамжийн газар маань өргөжсөөр өдийг хүргэсэн.
Япон хүн маань хоёр жилийн байрны түрээс, хүүхдүүдийн маань хоолны мөнгийг хүртэл өгөөд, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар биднийг 12 хүүхэдтэй маань хүлээлгэж өгөөд явж байсан. Түүнээс хойш хүүхдүүдээ нас, хүйс, өвчин,зовлон зэргээр нь ялгаад гурван газар байр түрээслээд, дүүргүүдийнхээ хөдөлмөр, халамж үйлчилгээнийхэнтэй хамтран ажиллаж байна даа.
-Одоо хэдэн хүүхэдтэй байгаа вэ. Хөрөнгө оруулагч тань явчихсан учраас танайх яаж санхүүждэг юм бэ?
-Бид одоо 13 эрэгтэй, 13 эмэгтэй хүүхэдтэй. ХХҮГ-аас манай төвд сард 800 мянган төгрөг өгдөг. Хуульд 10 саяас дээш бол тендерт оролцоод төсөл боловсруулаад авч болох ч би тэгж байсангүй. Мөнгө, төгрөгнөөс илүү хүүхдүүдтэйгээ байгаагаараа болгоод л явж байна.
-Өөр өөр айлын олон хүүхдийг нэг дор байлгаад, сургаж, хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Нийгэм маань ч эдийн засгийн хувьд багагүй зүйл нэхдэг болчхоод байна шүү дээ?
-Нэг мэдэхэд л эрэгтэй хүүхдүүд маань насанд хүрээд, их, дээд сургуульд ороод, цэрэгт яваад амьдралын жигүүр ургаад л эхэлсэн дээ. Хүн чинь тухайн орчиндоо идэх хоолтой, өмсөх хувцастай байлгахын төлөө л яваад байснаас энэ маань маргааш 18 хүрээд явчихна даа гэсэн бэлтгэл маруухан байдаг юм билээ. Хамт байгаа болохоор хэдий мэдэж байгаа ч яг “өдлөөд” ирэхээр бас их хэцүү шүү дээ.
Гэр бүлийн хэмжээнд л үйл ажиллагаа явуулж, хүүхдүүддээ ч тэгж зааж, сургаж халамжилдаг болохоор манайхан тэнээд явчих, сэтгэл зовоох асуудал надад байдаггүй. Би өөрөө ч тэгж хүүхдүүддээ хүрч ээж нь болж ажиллахыг хичээсэн.
-Ингэхэд хэдүүлээ ажилладаг юм бэ. Цалингийн хувьд хэрхэн зохицуулдаг вэ?
-Манайх дахиад өөр хоёр байранд өсвөр насны эрэгтэй хүүхдүүд болон нялх, багачуудаа авдаг. Тэнд маань 3-4 хүн ажиллана. Яг л надтай адилхан сэтгэлээр ажиллана. Нэг үе тэдэндээ цалин өгч чадахтай, үгүйтэй л байсан. Одоо л бол харьцангуй өөрсдийгөө санхүүжүүлээд яваад байж болж байна.
-Санхүүжүүлэх гэхээр их сонин сонсогдож байна шүү?
-Манай хүүхдүүд чинь их авьяастай, гарын уртай. /Бүх хананд нь хүүхдүүдийн бүтээлийг жаазлан өлгөжээ/ Бүтээлийн үзэсгэлэн гаргана. Тэндээсээ худалдан. Хүмүүс ч их дуртай авдаг. Хүүхэд хийсэн учраас тэр шүү дээ. Зүгээр хандив гэж өгснөөс хөдөлмөрийг нь үнэлж байгаа нь хүүхдүүдэд ч их урам болдог.
-Олон жил хүүхдийн асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй нь юу байдаг вэ?
-Эдийн засгийн байдалдаа л санааширсан хүн их гарах байх даа. Түүнээс ганц өнөөдөртөө энэ хүүхэд хоосон хонолоо, оймс, гутал нь урагдчихлаа гэх байдал ер нь үгүй болсон шүү. Олон улсын төсөл хөтөлбөр, улсын татаас, өөрсдийн бор зүрхээр гээд л янз бүрээр л санхүүжилтээ зохицуулаад явж байгаа.
Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол хамгийн гол нь насанд хүрээд гарч байгаа хүүхдүүд маань л амьдралаа аваад явчих чадвартай байх нь л чухал шүү дээ. Ядаж л өөрсдөө хоолоо хийгээд идчихдэг. Уранхай цоорхойгоо оёод өмсчихдөг. Өнөөдөр гутлын уут оёсон бол дараа нь хөнжлийн даавуугаа оёж сурах, монгол цамц хийсэн бол товч, шилбэ зангидаж, хадаад сурах хэмжээнд аливаа зүйлийг санаачлаад, хөгжүүлээд явчихдаг хүсэл эрмэлзэлтэй байж энэ олон хүүхэд маань хоолондоо хүрнэ дээ. Би ч олон жил халамжилдаг ажил хийсэн. Одоо ч хийж байна. Гэхдээ үүнийхээ зэрэгцээ тэднийгээ амьдралд бэлтгэх нь хамгийн чухал.
-Хүнээр хүн хийхийн тулд та ч их хичээж байгаа бололтой. Хүүхдүүд тань гурилаа зуураад хоолоо хийчихдэг, талхаа барьчихдаг, оёж хатгана, нааж урлах гээд олон зүйлийг өөрсдөө чаддаг болчихсон байна шүү дээ.
-Энд байхдаа энэ зэргийг сурчхаар гараад явахад өөрт нь хэрэгтэй. Өөрийгөө аваад явчихна. Сэтгэлийн тэнхээтэй, бусадтай нийцтэй, учир зүйгүй ололцдог, өөрийгөө илэрхийлчихдэг. Нэг л гэр бүлээс гарч байгаа учраас нэгнийхээ төлөө санаа тавьдаг, эргэх холбоотой, биесээ түшдэг байгаасай гэж боддог. Хүүхдүүд маань ч тийм байгаа. Хорь гаруй хүүхэд олон айлынх байлаа нэг л гэр бүлээс өсч гарч байгаа учраас нэгнийгээ гэх сэтгэлтэй болгож чадаж байна л гэж бодоод байгаа шүү дээ./ инээв/ 7 хоногийн хоолны менюгээ хүүхдүүд өөрсдөө зохионо. Юм юманд л сургах, сурах гэж бид инь хичээнэ шүү дээ.
-Та түрүүнд эрэгтэйчүүд маань түрүүлээд насанд хүрсэн гэж байсан. Мөн танай хүүхдүүдээс цэрэгт явсан, гадаадад ажиллаж, сурч байгаа гэсэн байх аа?
-Тийм ээ. Дээд сургуульд сурч байсан нэг хүү маань цэргийн зарлан ирэхэд өөрөө шийдээд явсан. Одоо Сүхбаатар аймгийн Онгон суманд хил дээр алба хааж байна. Удахгүй халагдаад ирнэ. Ангийн удирдлагуудтай нь байнга холбоотой байдаг юм. Тангаргийн баярт нь очиход их ам сайтай байсан шүү. Хоёр хүүхэд маань Японд оюутан дадлагажигчаар ажиллаж байна. Тэд маань Сити сургуулийн 9 дүгээр анги төгсөөд, Хамаг Монгол МСҮТ-ийн тогоочийн анги төгссөн. Тэгмэгцээ дахиад Сити сургуульдаа конкурс өгч тэнцэн суралцаж байгаад 3 дугаар дамжаандаа оюутан дадлагажигчаар Япон явчихсан байгаа. Бас нэг хүү маань БНСУ-д гэрээгээр цахилгаан барааны үйлдвэрт ажиллаж байна. Хуучныг бодвол цахимаар дүрсээ хараад ярьж байгаа болохоор байнга холбогдоно. Та сайн уу, дүү нар сайн уу гээд л. Хүүхэд гэхээс илүү хүн болоод төлөвшөөд гарч байгаа болохоор тэд маань эргэх холбоотой, бидэндээ байнга санаа тавьдаг юм аа. Ер нь хэдэн хүүхдээ яс хавталзуулахгүйгээр сайхан өсгөж, хүмүүжүүлээд хүн болгочих гэсэн л зорилгын маань нэг хэсэг шүү дээ.
-Та анх хүүхэд хүлээж авч байх үе одоо авч байгаа үеийн нийгмийн байдал нь их өөрчлөгдсөн. Үүнтэй зэрэгцээд ирж байгаа хүүхдүүдийн шалтгаан нь ч өөр байсан уу?
-Тухайн үед амьдрал хэцүүхэн байсан болохоор эмээ, өвөө, хамаатан садандаа орхиод наймаанд явчихсан зэрэг шалтгаанаар хүүхэд нэг үе маш их хаягдаж байсан. 1998-2001 оны хооронд бол тэрний эцэг, эх тэгж, ингэж нас барчихжээ гэх мэдээлэл их тааруухан байсан.
Одоогийн хүүхдүүдийн хувьд эцэг, эхийн хариуцлага, эмэгтэйчүүдийн сайхан сэтгэл, гэр бүлийн уур амьсгал, төрөл садангийн харилцаагүй болчихож. Сэтгэл санааны хямрал, эдийн засгийн ядуурал, өрнөөс болоод архины хамааралтай болчихсон. Түүнээсээ болоод үр хүүхдээ тэжээж чадахгүй орхисон тохиолдол их болсон. Манайд 108 /тусгай дугаар/-аар ирж буй хүүхдүүдийн ихэнх нь ээж, аавтай байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл зэргээс шалтгаалаад хуулийн дагуу хүүхдийг нь авахаас аргагүй болж байгаа юм.
Манай асрамж, халамжийнхан ч энэ талаар хоорондоо ярилцана. Эхний үед зовлон, гачигдалтай байдаг байсан сүүлийн үед архичин гэр бүлүүдийн хүүхдийг хардаг болчих гээд байна шүү гээд эмзэглэдэг. Энэ бол хөндөх л сэдэв. Өөрийгөө удирдаж чадахгүй хүмүүсээс болж хүүхэд хохироод, асрамжид аваачиж өгөөд байж болохгүй шүү дээ. Томчууд өөрсдөө их л ухамсартай байх ёстой.
Анх ирж байсан хүүхдүүдийн хувьд аав, ээжийнх нь хэн нэгэн нас барчхаар үлдсэн нь архи уучихдаг, хамаатасан садандаа аваачаад өгчихдөг, тэнд нь таарч нийлдэггүй гэх мэт шалтгаанаар орхигдсон зэргийг нь голчлоод төр засаг маань асрамжид хамруулдаг байсан. Одоо бол орхигдсон хүүхдүүдийг зохицуулж чадахааргүй болж байна. Арахийж хүүхдийг ээжтэй нь уулзуулмагц “энэ хүүхдийг харахаас дургүй хүрч байна” гэх зэргээр өөдөөс нь дайрахаар хүүхэд яаж ч хамт байж, ээнэгшиж, төлөвших билээ. Яг ийм архины хамааралтай асуудалд бол төрөөс хатуу хариуцлага тооцох хэрэгтэй болов уу гэж боддог.
Өнгөрсөн олон жилийн хугацаанд энэ хагас өнчин хүүхэд гээд аваад ирэх тохиолдол бишгүй гарсан. Гэтэл яг үнэндээ нөхөргүйгээр хүүхэд гаргачихаад орхих явдал их байдаг. Түүнийг уг нь тодорхойлох ёстой. Нөхөргүй хэрнээ хүүхэд гаргачихсан тохиолдол бүрийг хагас өнчин гээд байвал монголын олон хүүхэд ийм тодорхойлолттой болох нь.
Би үүнд их эмзэглэдэг. Уг нь тэр ээжтэй хариуцлага тооцож, эцгийг нь мэдэх боломжтой. Бүх монгол эр хүн тийм увайгүй, хариуцлагагүй биш байх өө.
-Одоогоор хүүхдүүд маань хичээл нь амарчихсан байна. Суралцдаг сургуулиудын хувьд хэр хүлээж авдаг вэ?
-Дажгүй ээ. Гадуурхаж, элдэвлэхгүй. Угаасаа хүүхдүүд маань харьяаных нь цэцэрлэгт явж байгаад дунд сургуульд ордог. Хоёр болон 113 дугаар сургуульд суралцдаг. Сурлага, урлаг, спорт, хүмүүжлээр манай хүүхдүүд хоцрогдоод байдаггүй учраас тун дотно байдаг
-Ингэхэд хичээл амарсан үед буюу зун хүүхдүүдээ зусланд амраах боломж хэр байдаг юм бэ?
-Бид Сөгнөгөр, Гачуурт зэрэг рүү гэр бариад хүүхдүүдээ аваад гардаг байсан. Заримыг нь боломжийнхоо хэрээр зусланд явуулчихдаг байсан. Сүүлийн үед өөрсдөө зуслантай болох нь их зөв алхам санагдаад байгаа. Тиймээс СХД-ийн 21 хороонд газар хөөцөлдөж байгаад авсан. Одоо тэндээ зуслантай болчих гээд л төлөвлөөд байна. Тэндээ 4-5 хүлэмж бариад, зундаа хүүхдүүдээ амрангаа ногоо тарьж, арчилна гэж төлөвлөөд л байна. Өөрсдөд маань хэрэгтэй. Хэрвээ зуслангаа барьчихвал ганц манайх гэхгүй. Нийслэлд 24-25 асрамж халамжийн газар бий. Тэдгээрт байгаа 15-аас дээш насны хүүхдүүдийг хамруулаад, бие даан амьдрах зуны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхсэн гэж бодоод л байна. Тэнд амрангаа ногоогоо тариад, ажил сураад, бусдыгаа харж хандана, үлгэрлэн дууриана гээд ач холбогдол их шүү дээ.
-Танайд орж ирэхэд асрамжийн газар биш олон хүүхэдтэй айлд байгаа мэт мэдрэмж төрлөө. Яг энэ орчныг бүрдүүлэхэд маш их ажил шаардагдсан байх.
-Биднийг тохь тухтай ажиллаж, амьдархад тусламж, дэмжлэг олон байгууллага бий. Төр, засгаас гадна Халамж, үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар зэрэг холбогдох байгууллагууд байна. Манайх чинь гурван салбартай шүү дээ. Одоогийн бидний энэ амьдарч байгаа байрыг тохижуулж, төлбөрийг нь зохицуулж, хүүхдүүдийн маань сайн сайхны төлөө ихийг хийж байгаа мундаг бизнесмэн бий. Та нар анзаарсан бол хананд өлгөсөн манай хүүхдүүдийн бүтээл л бидний гараар бүтсэн. Бусдыг нь тэрхүү туслаж, дэмждэг хүн маань л авч ирж, засч, тохижуулж бий болгож өгсөн. Манай байр чинь бас ч үгүй дээд зэрэглэлдээ орно шүү, нийслэлдээ. Тохижилт зэргээс нь та бүхэн харсан байх. Тэгэхээр би ч энэ сайхан байрандаа өөрсдөө ч ажилтай, арчаатай, анхиатай байх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн урсгал зардал л гэхэд хэдий хэмжээний өртөг гарах билээ гэдгийг тооцож үзвэл их л хөрөнгө хэрэгтэй болх байх. Ус, дулаан, цахилгаан гээд л. Гэтэл энэ бүгдийг маань бидэнд зохицуулж өгч байна гэдэг чинь тэр хүн биднийг ямар их анхаардаг нь харагдана даа. Сая та бүхэн анзаарсан бол гадаа хүлэмж байгаа биз. Энэ захирлуудын маань л тус шүү дээ, бас. Тэгэхгүй бол ямар л хотхон дотроо хүлэмж барихыг зөвшөөрөв гэж дээ. Энэ мэтчилэн жижиг гэхгүй олон зүйлд захирлуудын тусыг авсаар ирсэн.
-Ингэхэд энэ хүмүүстэй яаж яваад холбогдчихсон юм бэ. Бизнесийн салбарын зарим хүн асрамж, халамжийн үйл ажиллагаанаас хол байдаг шүү дээ?
-Группын захирлууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэдэн жилийн өмнөөс манай асрамжид тусламж, дэмжлэг өгдөг байсан юм. Хоорондоо л ярилцаад ажиглаад л байсан юм билээ. Яг ямар шийдэлд хүрэх вэ гээд. Тодорхой баяруудаар очиж баярлуулж байх эсвэл өөр арга хэмжээ авах уу гэх зэргээр. Тэгээд намайг болон манайхыг нэлээд судалж үзээд, дуудаж уулзсан. Ингээд л энэ сайхан байранд байх боломж бололцоогоор хангаж, туслах хүсэлтэй байгаагаа дуулгасан. Захирлууд хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэдэг ч би чинь, бид чинь бас дандаа алга тосч авахаас санаа зовоод аль болох өөрсдөө л болгочих гээд л үзээд байна даа.
-Тантай яриад сууж байхад л “Манай гэр бүл”-ийн утга агуулга эрхгүй мэдрэгдэж байна шүү?
-Манайх чинь хуарагнуулсан асрамжийн газраас өөр. Гэр бүлийн орчин бүрдүүлчихсэн. Манай хүүхдүүд гэртээ байгаагаас өөрцгүй. Өглөө, өдөр хичээлдээ явахдаа сургууль, ажилдаа дуртай, сэтгэл өөдрөг явж байна. Буцаад гэртээ ирэхдээ ч дуртай, яарч ирж байх нь миний ажлын үр дүн болж харагдаж байгаа юм. Хэрвээ хүүхэд эндээ таагүй байдаг бол өөр найз нөхдөө дагаад явчхаас эхлээд асуудал гарна шүү дээ. Хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг харгалзана. Мөрөөдөл, ирээдүйн төлөө зөвлөлдөнө. Хүнээр хүн хийж, амьдралд гараад өөрийгөө, амьдралдаа, ахуйгаа аваад явчих чадвар, сэтгэлтэй, сайн, сайхан хүүхдүүд л өсгөхийг хичээн ажиллаж байна.
-“Манай гэр бүл” төвийн хүүхдүүд гар урлалын бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, бэлэг дурсгал болгон худалдаалдаг-