Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.
Иймд энэ жилийн тус хүндэтгэлийн өдөр буюу ирэх арваннэгдүгээр сарын 16-нд Сүхбаатарын талбайд нэгэн гайхамшигтай үйл ажиллагааны нээлт болох гэж байгаа нь “Монгол Бахархал” нэртэй үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа юм.
Үүнийг “Монгол бахархал” сангаас Монгол Улсад анх удаа санаачлан бий болгох гэж байна.
Үзэсгэлэнд зөөлөн оёдол, мод, модон эдлэл, баримал, арьс шир, нэхий, суран эдлэл, гэрэл болон уран зураг, сийлбэр, бэлэг дурсгал, хүнс, үл хөдлөх үйлдвэрлэл, үнэт эдлэл, уран дархны бүтээл дэлгэгдэж, дөрвөн өдөр үргэлжлэх аж.
Мөн тус үзэсгэлэн худалдаанд оролцох хувь хүн, албан байгууллагын бүртгэл өнөөдрөөс эхэлсэн бөгөөд “Улаанбаатар” зочид буудлын замын эсрэг талын “UBH center”-ийн 620 тоот өрөө болон 9693-8800 гэсэн дугаараас лавлах боломжтой юм байна.