Манайхаан, бараг бүтэн жил шахуу бид
тааваараа байж, тааллаараа жаргаж, дураараа наргиж, дутуу хөтүүгүй налайсаан. Нийтээрээ өвдөж зүдэрсэнгүй, нийгмээрээ хямарч доройтсонгүй, бултаараа хоригдож бачуурсангүй, бумаараа будилж бужигнасангүй ээ!
Тэнгэр газар нь ивээж, тэгш заяа нь түшиж, төр засаг нь залж, түмэн олон нь дагаж, салбар салбараараа хичээж, чиглэл чиглэлээрээ зүтгэж, дэм дэмэндээгийн үлгэрээр дэлгэр тайванд оршиж, дэндүү азтайгаа мэдэрч, дэлхийд гайхагдаж магтуулсаан. Хүн үхэж үрэгдчихээгүй байна, хөсүт нь дарагдаж сөхөрчихөөгүй байна, иргэд нь хэнэггүйтэж назгайрчихаагүй байна, төр нь алдарч ганхчихаагүй байнаа! Энэ хэний буян бэ? Энэ бид бүгдийн, төр түмний хамтын их хүчин чармайлтын үр дүнд бий болсон их амар амгалан байсаан. Өдийг хүртэл нэг ч хүний амь эрсдүүлэлгүй ажилласан ХӨСҮТ-ийнхэн үнэхээр АГУУ! Өчигдрийг хүртэл дотооддоо алдаагүй ажилласан УОК, ЭМЯ, цэрэг цагдаагийнхан үнэхээр их ГАВЪЯАТАЙ! Энэ олон зуун хүний нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийг бид үгүйсгэж болохгүй, үргэлж талархах ёстой!
Дотооддоо алдаж болзошгүй гэдгийг эхнээсээ бид мэдэж байсан, эх дэлхийгээрээ тэвдэж, сөхөрч суухад, энүүхэндээ бид жаргаж суусаан. Болзошгүй ийм аюул түгшүүрт бид бүтэн жил бэлдсэн юм чинь, одоо хийдгээ хийгээд, мөрддөгөө мөрдөөд, хувь хувьдаа хичээгээд, дор дороо ухамсарлаад явахад өл дааж сурсан, өлчир чийрэг биетэй, өнөр баян сэтгэлтэй, өлзий буян ерөөлтэй, өгөөмөр тэнүүн Монгол хүмүүс бид өчүүхэн вирусын өмнө харин ч нэг сөхрөхгүй юм байхаа!
ӨӨДРӨГ байцгаая, ЭЕРЭГ байцгаая, ЭВТЭЙ байцгаая!
МОНГОЛ ХҮН БҮРИЙН БИЕИЙН БОЛООД СЭТГЭЛИЙН ДАРХЛАА ӨНДӨӨР БАЙГ ЭЭ!
Б. Эрдэнэтуяа