Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралд хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална гэж заасны дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит II хуралдаан 11 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.
.jpg)
1. Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталлаа.
Орхон аймгийг дунд хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг
1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл
2. Эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй-эрдэнэт хүн
3. Амьдралын чанар ба дундаж давхарга
4. Эдийн засаг
5. Тогтвортой засаглал-эрдэнэт хүч
6. Аюулгүй, амар тайван-эрдэнэт хот
7. Ногоон-эрдэнэт хот
8. Тогтвортой хөгжил-эрдэнэт хот зэрэг найман бүлэгт 8 зорилго, 169 зорилтыг багтаан баталлаа. Таван жилийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нэг жилээр гарган биелэлтийг тооцож хэрэгжүүлэх бөгөөд жилийн төлөвлөгөөнд зарцуулах хөрөнгө, хариуцах эзэн, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг нарийн тодорхой зааж, тооцох аж.
2. Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.
Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд нийт 8 бүлэг, 18 дэд бүлэг, 123 зорилго, зорилтыг багтаажээ. Хөтөлбөрт Монгол ардын намын “Эрдэнэт хүн, Эрдэнэт хот, Эрдэнэт хүч” гэсэн хөгжлийн цогц бодлого болон Ардчилсан намын иргэдийн төлөөлөгчийн хурлын Бүлгээс гаргасан 79 саналыг тусгасан байна. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан хоёр саналыг нэмж тусгаж байгаа бөгөөд төлөөлөгчид 100% дэмжин Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.
Ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол онцлог нь цахим засаглалд шилжих ажлыг эрчимжүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг хурдан шуурхай, хүнд сурталгүй болгоход анхаарсан гэдгийг Засаг дарга С.Батжаргал хэллээ.
3. Газрын харилцааны талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа.
2021 онд Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг /2021-2037 он хүртэлх/ мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн батлуулах, Газрын эрхийн бүртгэлийн LandManager 2 программ хангамжийн мэдээллийн санд өмчлөгчийн мэдээлэл, өгөгдлүүдийг бүртгэх ажлыг дуусгах юм. Эдгээр ажлыг хийж дуусгаснаар мэдээллийн бааз суурь цахимд шилжих давуу талтай юм. Мөн ирэх жилд Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зочид буудлын зориулалтаар 30.000м2 талбайг иргэн, аж ахуйн нэгжид шинээр эзэмшүүлэх, ашиглуулахаар төлөвлөжээ.
4. Орхон аймгийн 2021 оны төсвийг баталлаа.
Орхон аймгийн 2021 оны төсвийн жилд зарцуулах орлого, зардлын хэмжээг 129,333,799.5 мянган төгрөгөөр тооцож баталлаа. Орхон аймгийн 2021 оны төсвийн төслийг Санхүү, төрийн сангийн хэлтсээс боловсруулан танилцууллаа. Төсөлтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс давхардсан тоогоор 82 асуулт ирсэн ба холбогдох албаныхан тодорхой хариултыг өгсөн юм. 2021 оны төсвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд танилцуулсан төслөөр нь батлахыг төлөөлөгчдийн 63% нь дэмжиж баталлаа.
5. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх болон худалдан борлуулах төлбөрийг хэмжээг тогтоолоо.
Түрээсийн орон сууцны байрыг түрээслүүлж, өмчлүүлэх төлбөрийн хэмжээг тухайн байрны урьдчилгаа төлбөрийг хэдэн хувь төлснөөс хамааруулан 1.230.861-1.488.400 төгрөг байхаар баталлаа. Өөрөөр хэлбэл сугалаанд оролцож сонгогдсон иргэд байрны төлбөрийг 100% төлсөн тохиолдолд 1.230.861 төгрөг, 10% төлсөн тохиолдолд 1.488.400 төгрөг байх бол 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90 хувь төлсөн тохиолдолд төлөх төлбөрийн хувь хэмжээг өөр өөр байхаар тогтоосон юм.
Харин худалдан борлуулах төлбөрийг байрны төлбөрийн 30%-ийг төлсөн тохиолдолд 1.431.1698 төгрөг, 100% төлсөн тохиолдолд 1.230.861 төгрөг байхаар баталлаа. Түрээсийн орон сууц Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутагт байрлах 315 айлын орон сууцны барилга бөгөөд өмчлүүлэх, худалдан борлуулах үнийг тогтооход Хөгжлийн банкний төлбөр, түүнд оногдуулсан хүүний төлбөрөөс шалтгаалж байгаа гэдгийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны үеэр ОНӨГ-ийн ахлах мэргэжилтэн н.Эрдэнэчимэг хэллээ.