Мөргөлөөр эрүүлжих тухай сонирхолтой ном бичиж, олны хүртээл болгосон Очирваань дуганын тэргүүн, мөргөлч лам Ч.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Таны бичсэн “Мөргөл” хэмээх шинэ ном тун сонирхолтой бүтээл юм. Ном туурвих санаа хэзээ төрөв?
-Миний тав дахь бүтээл юм. Ерөнхийдөө эрүүл мэнд, танин мэдэхүй, буян үйлдэхүй гэсэн сэдэвтэй. Мөргөлийн тухай хүмүүс маш сайн мэддэг. Харин яаж зөв мөргөх вэ, ямар заавар аргачлалтай байдаг вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Цаашилбал, мөргөлийг өдөр бүр, тодорхой цагт хэвшүүлэн хэрэгжүүлж чаддаггүйд гол асуудал байгаа юм. Миний хувьд ч гэсэн мөргөлийг өмнө нь үйлдэж байсан боловч залхуурах, шантрах шалтгаангүйгээр хойш тавьж үр дүнг нь гаргаж хэрэгжүүлж чадахгүй байсан. Гэвч хэзээ нэгэн цагт сунах мөргөлийг буман тоонд хүргэнэ гэсэн хүсэл зорилгыг сэтгэлдээ үргэлж тээж явсан.
“Сэтгэл үүсгэ, Бага сэтгэл чинь их сэтгэл болно. Их сэтгэл чинь илүү амжилт олгоно” гэж үг бий.
Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд суурин иргэншилд шилжиж дэвшиж, дээшилж байгаа мэт харагдавч үндэсний хэв шинжээ алдаж, хөдөлгөөний дутагдалд орж өвчлөлт ихсэж байгааг сүүлийн үед ярьж бичих болсон. Харин яаж хамгаалж, сэргийлэх талаар илүү анхаарах нь зөв гэж бодож байна.
Энэ үүднээс бурхны шашны нэг төрөл, зан үйл болох мөргөлийг амьдралд хэвшүүлж хэрэгжүүлж хүнд тустай болох талаас нь судалж, ном болгож түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй юм байна гэсэн санаагаар “Мөргөл” номыг бичсэн. Ингэхдээ юуны өмнө өөр дээрээ туршин хэрэгжүүлж сунах мөргөлийг буман тоонд хүргэх явцдаа номоо бүтээсэн. Бум гэдэг нь зуун мянган тоонд хүргэсэн гэсэн үг юм.
–Сунах мөргөлийг буман тоонд хүргэхэд хэдий хугацаа оров. Саад бэрхшээл, шалгуурыг яаж туулав?
-108 сунах мөргөлийг хийхэд хүн болгоны зарцуулах хугацаа адилгүй байх. Хамгийн гол нь илүүдэл жинтэй, хэт таргалалтай хүмүүс мөргөхөд мэдээж бэрхшээлтэй. Миний хувьд эхэндээ 108 сунах мөргөлийг нэг цаг гаруй хугацаанд хийдэг байв. Биеэ дайчилж хичээх тусам түргэн болно. Одоо 108 сунах мөргөлийг хийхэд З0 минутын хугацаа зарцуулдаг болсон. Өдөр бүр 108 сунах мөргөлийг алдалгүй хийвээс буман тоонд хүргэхэд гурван жилийн хугацаа орно. Нэг дэх бэрхшээлийг давахгүй бол хоёр дахь саадыг яаж давах вэ.
Мөргөл үйлдэхэд биеийн хүч их орохгүй сэтгэлийн хүч илүү шаарддаг.
Мөргөл үйлдэхэд биеийн хүч их орохгүй сэтгэлийн хүч илүү шаарддаг. Миний хувьд 108 мөргөлийг өдөрт 2-3 удаа хийдэг байсан. Жил зургаан сарын хугацаанд зуун мянган мөргөлийг туулж тоонд нь хүргэж чадсан. Мөргөлийн ач тус хэмжээлшгүй их гэдгийг мэдэрч ойлгож биширч шүтсэн.
–Сунах мөргөлийг буман тоонд хүргэснээр танд ямар өөрчлөлт гарав?
-Энэ нь төвдөөр бум, монголоор бүтээл гэсэн утгатай үг юм. Тэгэхээр сунах мөргөлийг бүтээсэн гэж ойлгож болно. Миний биед маш олон өөрчлөлт гарсан. 20 кг жин хаясан. Нэг үгээр хэлбэл, илүүдэл жингээсээ салсан. Элэгний хатуурал өөхжилттэй, сахарын хэмжээ өндөр, мөргөл хийхээс өмнө цус, цөс өтгөрсөн гээд эмнэлгийн шинжилгээнүүд муу гарсан юм.
Биеийн өвчнөө сэтгэлийн өвчин болгохгүйн тулд мөргөл бясалгал хийсэн хэрэг. Дараагийн шинжилгээний хариу эрс сайжирсаар эрүүлжиж чадсан. Бас нэг гайхалтай зүйл нь миний нурууны доороосоо дөрөв дэх үе дотогшоо яс ургалттай болсон байсан юм. Эмч үзээд зураг авхуулж хагалгаа хийлгэх хэмжээнд хүрсэн байна гэж хэлж байлаа. Хэвтэж байгаад босоход маш эмзэг, гэнэт хатгуулж өвдөнө. Харин сунах мөргөл хийснээр нурууны өвчнөө ор тас мартсан. Сүүлд нурууны зураг авхуулахад зүгээр болсон байлаа. Сунах мөргөл нь эрүүлжих, саруулжих, залуужих гурван ухаанд суралцуулдаг.
– Мөргөлийн ач тус, амжилтын талаар бурхны номд юу гэж заасан байдаг юм бэ?
-Судар номын аймагт мөргөлийн найман ач тусыг тодорхой заасан байдаг. Хүн өөртөө итгэлтэй, зорилготойгоор мөргөлийг эхлүүлж чадвал маш олон ач тусыг хүртэх юм. Мөргөл хийхэд насны хязгаар байхгүй. Хүний биед байгаа хурд, хүчийг идэвхжүүлж, авьяас билгийг хөгжүүлэх, ой санамжийг сайжруулах, биеийн дархлааг нэмэгдүүлэх, өөрөө өөрийгөө эмчлэх, архаг хууч өвчнийг засах, муу зуршлыг арилгах, уургүй хүлээцтэй болгох зэрэг ач тусыг бий болгоно. Эхний үед гурван cap тасралтгүй мөргөхөд тухайн хүнд өөрчлөлт мэдэгдэж, цааш мөргөл хийх сонирхолтой болно. Үүнийг дагаад итгэл бишрэл нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл, хүний биед дасал, хэвшил болно гэсэн үг.
– “Мөргөл” номд ямар мэдээллүүдийг багцалж оруулав?
-“Хүнд өгөөжтэй мэдээлэл бүхий ном удах тусам үнэд хүрдэг. Номноос олсон мэдлэг удах тусмаа эрдэм болдог” гэсэн мэргэдийн үг бий. “Мөргөл “ номыг уншсанаар өөрийн зорилгод хүрэх, ажлын бүтээмж нэмэгдэх, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ,мэдлэг олгох гарын авлага болох юм. Хэмжээ нь нимгэн боловч хэрэгжүүлж чадвал нэн зузаан ном гэж болно. “Мөргөл” ном цааш үргэлжилж, үе шаттайгаар хэвлэгдэн гарна. Ялангуяа бүсгүйчүүд турах, жингээ барихад илүү анхаарч таарах таарахгүй эм бэлдмэл ууж, зардал их гаргадаг. Тэгвэл мөргөлийг зааврын дагуу хэрэгжүүлж хийж чадсанаараа хүссэн хэмжээндээ эрүүлээр жингээ барьж, гоо сайхан болж чадна.
-Фитнесс клуб гэдэгтэй адил та “мөргөлийн танхим” нээсэн гэв үү?
-Тийм ээ, Гандантэг-чинлэн хийдийн урд талын Шар Гандан хийдийн тавандавхарт мөргөлийн танхим нээсэн. Ирж мөргөл хийхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Мөргөлийн талаар заавар, зөвлөгөө авч болно.
–Нөгөө талаар мөргөл нь буян үйлдэх нэг хэлбэр гэсэн. Буян номын лам хүний хувьд энэ талаас айлтгал хэлнэ үү?
-Хүний явдал мөр нь үйлийн үртэй байдаг. Юу тарьж ургуулна, түүнийгээ л хураана гэсэн зарчимтай. Үйлийн үр нь хүний бодлоос ирдэг. Сайн үйлийн үр, муу үйлийн үр гэж бас байна. Өдөр болгон цаг мөч бүрт хүн санаатай ,санаандгүй нүгэл үйлдэж байдаг. Бие, хэл, сэтгэл гурваар нүгэл үйлдцэг гэж бурханы номд үздэг. Харин түүнийгээ наминчлан гэмшиж, засч залруулж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй юм. Тэгвэл бие, хэл, сэтгэл гурваар буян хийж болдог. Энэ нь мөргөлд бүгд багтсан. Өдөр болгон сунах мөргөл хийж чадсанаар биеийн нүглээ арилгана. Мөргөл хийх явцдаа ямар нэгэн сайн үрийг хүсэж гуйж хэлэх, аль нэгэн тарнийг амны уншлага болгох зэрэг нь хэлний нүглийг арилгана.
Мөргөл хийх явцад зөв сэтгэл үүсгэж бодож бясалгах нь сэтгэлийн нүглийг арилгаж, эргэж буцалтгүйгээр нэг сэтгэлээр шүтвэл аз жаргалд хүрэх юм. Бурханы шашинтай ард түмнүүд “Хэмжээтэй хүсээд сэтгэл хангалуун явахыг аз жаргал гэнэ. Хэмжээнээсээ хэтэрвэл зовлон болно” гэж хэлэлцдэг. Тэгвэл мөргөл нь өөрт хэрэгтэй өрөөлд тустай буян болж чадна.
-Энэ цаг үед буман мөргөл бүтээсэн хүн хэр олон байдаг бол?
-Мөргөл хийдэггүй лам гэж байхгүй л дээ. Харин мөргөлийг тоонд хүргэсэн, бүтээсэн нь цөөн болов уу . Ер нь сурсан мэдсэн бага ч болов эрдэм оюунаа бусдад харамгүй хүргэх нь бас нэгэн буян болно. Нэг буман тоонд хүргээд болчихлоо гэж үзэж болохгүй . Хамгийн багадаа гурван буман тоонд хүргэж байж сая төгс болохын эхний шатанд хүрэх болов уу. Нэг насаараа мөргөл хийж чадвал төгс гэгээрэхийн оргилд хүрнэ. Буян үйлдэхэд их бага хэмжээ тогтоогоогүй . Нэг нас дуусахад энэ хорвоогоос юу ч авч явж чадахгүй. Харин хийсэн, үйлдсэн буян таныг дагаж явна гэж ухаарах нь зөв юм. Баян болохыг хүсвэл буян үйлд. Сэтгэлээр баян байх нь тунгалаг болор лугаа үнэ цэнэтэй.
Эх сурвалж:Зууны мэдээ