Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт явагдаж байгаа хууль бус үйлдлүүдийн талаар бүтэн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Гэтэл У.Хүрэлсүхийн засгийн газар үүнийг огт анхаарахгүй, хяналт шалгалт хийхгүй өдий хүрч байгаа нь төрийн байгууллагад хууль бус үйлдлүүд явагдах боломжийг өөрсдөө олгодог гэж харагдаж байна. Баримт нотолгоо нь хэвлэлээр цацагдаад байгаа хууль бус үйлдлийг шалгаж, цэгцэлж чадахгүй жил тойрч байгаа Засгийн Газар төрийн албаны дэг журам, сахилга бат ярьж худлаа сүржигнэх хэрэг байна уу.
СХЗГ-тай холбоотой хууль бус үйлдлүүдийн заримыг нь эргэн сануулъя.
Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” -ийн санхүүжилтээр 2016, 2017 онд хэвлэгдсэн стандартын хос номыг 600 ш хэвлээд СХЗГ-ынхан 2016, 2017 онуудад зарж борлуулсан байна. Гэхдээ ном зарсан мөнгийг төрийн санд тушаагаагүй байна. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн бол тухайн орлогын Төрийн сангийн дансанд тушаах журамтай. Гэтэл Төрийн сангийн дансанд энэ номыг худалдсан ганц ч төгрөг ороогүй байгаа нь Төрийн сангийн дансны хуулгаар нотлогдож байгаа. Хэрэв дансанд оруулаагүй бол энэ орлогыг сангийн яам мэдэхгүй, мөн улсад орлого болж орохгүй гэсэн үг.
Би нэг тооцоо хийж үзье. Хос номыг 200.000 төгрөгөөр зарсан. Нийт 600 ном гэж үзвэл 120 сая төгрөг болж байна. Ингээд улсад орох ёстой 120 сая төгрөг ороогүй өнгөрсөн байна гэсэн үг.
Стандарт Хэмжил Зүйн газрын албан ёсны бэлэн мөнгө хураасан баримт ийм байдаг. СХЗГ-ын лого, байгууллага нэр нь цаанаасаа хэвлэмэл байгаа.
Гэтэл ном зарсан мөнгөө ийм баримт дээр бичээд хэрэглэгчид өгч байсан.
Та бүхэн тэр санхүүгийн тамгыг сайн ажиглаарай.
2017 оны Ном зарсан баримт дээр “Стандартчилал Хэмжил Зүйн газар” гэсэн тамга дарсан байгаа.
2017 онд Монгол улсад ийм нэртэй байгууллага байхгүй байсан буюу Стандарт Хэжил Зүйн газар гэдэг байгууллага л байсан.
Жинхэнэ тамга нь ийм байдаг:
Ном зарсан мөнгөө Төрийн сангийн дансанд хийдэггүй, санхүүгийн тайланд тусгадаггүй, мөнгө авсан баримт нь Монголд байхгүй газрын тамга, тэмдэгтэй гээд илт хууль бус үйлдэл нь тодорхой байна.
Энэ хууль бус үйлдлийн талаар 2017 онд иргэн А нь АТГ-д мэдээлэл өгсөн байдаг. АТГ энэ тамга тэмдэг, бэлэн мөнгөний баримт, төрийн сангийн дансанд мөнгө ороогүй талаар огт шалгаагүй байгаа юм. Зүгээр л СХЗГ-ын удирдлагуудаас тайлбар аваад л өнгөрсөн. Нэг үгээр бол хэргийг дутуу шалгасан гэж харагдаж байна. СХЗГ-ын удирдлагууд энэ тухай АТГ-д тайлбар өгөхдөө уг ном зарсан мөнгийг Шадар сайдын зөвшөөрлөөр гаднын зочдод зарцуулсан хэмээн Шадар сайдын нэгэн бичгийг нотлох баримт болгон өгсөн байдаг. Гэтэл тэр бичиг нь ном зарсан мөнгөний тухай биш 2015 оны ажил үйлчилгээний авлагын тухай байдаг.
2016 онд хэвлэж, зарж эхэлсэн номын мөнгө яаж яваад 2015 оны ажил үйлчилгээний авлага болж хувирав???
Үүнээс харвал СХЗГ-ын удирдлагууд хуулийн байгууллагыг хуурч, төөрөгдүүлсэн байгаа юм. Манай хуулийн байгууллага ч гэсэн тийм зүйлд итгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ур чадвар нь муу байна уу, эсвэл гэмт хэргийг нуух зорилгоор хуйвалдсан уу гэсэн асуулт гарч ирж байна.
Энэ хэргийг хуулийн байгууллага нь дахин шалгах шаардлага байна.
Дээр нь нэмээд хэлэхэд Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” -ийн санхүүжилтээр хэвлэсэн номыг хэрэгцээтэй газарт нь үнэ төлбөргүй тараах ёстой л гэж санагдаж байна. Европын холбоо санхүүжүүлсэн номоо эд нарыг зарж ашиг ол, тэр мөнгөө хүссэнээ зарцуул гэж хэлээгүй гэдэгт найдаж байна.