1. Арга мухардаж, аврал эрсэн “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК
2010 оны сүүлээр УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулагдсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК хэдэн жил хөлөө олж чадаагүйг та бид бүгд мэднэ. Стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой байгуулагдсан тус компани тэр он жилүүдэд л олны ярьдгаар “Буруу хөл дээрээ эхэлж боссон” мэт санагдаж байсан нь үнэн. 2015 он гэхэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК 350 сая ам.долларын өрөнд орчихсон, Баруун, Зүүн Цанхийн уурхайн үйл ажиллагаа зогссон, олигтойхон техникгүй, гэр кемптэй, тог цахилгааны доголдолтой, ажилчдынх нь цалин одоогийнхтой харьцуулахад харьцангуй бага байсан гэдэг.
Товчхондоо, монгол төрийн хүлээлтийг таван жил болоход “Эрдэнэс-Тавантолгой” ХК биелүүлж чадсангүй. Байдал цаашид энэ чигээрээ үргэлжилбэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ирээдүй улам бүр бүрхэг болох нь тодорхой байлаа.
2. Ааш нь холбирч, арга нь нарийссан “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК
Ийм хүнд хэцүү үед нь “ТиТиЖиВиСиӨү” ХХК хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувь заяаг орвонгоор нь өөрчилсөн гэж хэлж болно. “Арга тасарч, амь тавьж” байсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай “ТиТиЖиВиСиӨү” ХХК урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 500 сая ам.долларын техник, хөрөнгө оруулалт хийж, цахилгааны дэд станц байгуулж, байгаль орчинд ээлтэй хамгийн сүүлийн үеийн цахилгаан экскаваторуудыг Монголд оруулж ирэв. Түүгээр зогсохгүй “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 203 ажилтны цалин, нийгмийн даатгалыг нь бүрэн хариуцан төлдөг болов. Зуу зуун тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК тус компанитай хамтран ажиллаж эхэлсэн нь төд удалгүй үр дүнгээ үзүүлж, 2017 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум, 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. Уруудаж, нэг ёсондоо буруу тийшээ явж байсан уул уурхайн салбарыг сэвхийтэл өөд нь татаж, ядах юмгүй хөгжлийн зөв голдиролд нь оруулж, өөдөө өгсөж “нар үзэхтэйгээ” болгож, ахиж дэвших эхлэлийг тавив.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажлын сайн үзүүлэлт болгоны цаана шилдэг туслан гүйцэтгэгч тус компанийн асар их үүрэг оролцоо байсан гэсэн үг. Үүнтээ маргах хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь цаг хугацаа бүхний шалгуур гэдэг дээ. Тэднийх уурхайн нийт олборлолтын 60 хувийг, Цанхийн Зүүн уурхайн олборлолтын 100 хувийг гүйцэтгэж, гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь цаашлаад 110 хувь хүртэл давуулан биелүүлсээр ирснийг цаг хугацаа, баримт факт, тэнд ажиллаж амьдрал ахуйгаа залгуулж ирсэн уурхайн ажилчид төдийгүй тэдний ар гэрийнхэн бүгд гэрчилнэ гэхэд хилсдэхгүй буй за. Гэтэл “өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчийн үлгэрээр сайнаасаа саар нь давамгайлах явдал гардаг байв. Учир нь, “ачааны хүндийг үүрч, алдарших замыг нь засаж” яваа хамтрагчдаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК харин тийм ч сайнаар хандаж байсангүй. Хийж гүйцэтгэсэн ажлынх нь төлбөрийг цар тахлын энэ хүнд 8 сар хоцроож одоог хүртэл өгөөгүй л байна. Төлбөрөө бүрэн бүтэн хийхгүй луу унжсан хэвээрээ.
Ийнхүү “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ааш нь холбирч, арга нь нарийссан ч “ТиТиЖиВиСиӨү” ХХК хамтрагчийн үүргээ хариуцлагатай биелүүлж, Монгол Улсын эдийн засагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, 2018, 2019 онд Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч” ААН, 2020 онд “Уул уурхайн салбарын шилдэг туслан гүйцэтгэгч байгууллага”-аар 2017, 2018, 2019 онд Монгол Улсын ТОП 100 ААН-ээр удаа дараа шалгарч байв. Үг биш үйлдэл бүхнийг харуулдгийн адил урдах ажлаа арван хуруу шигээ мэддэг “ТиТиЖиВиСиӨү” ХХК-ийн хамт олон элдэв саад бэрхшээлд тийм амархан нугарч, хугарч бууж өгсөнгүй улам ажлаа сайжруулж, амжилтаа бататгасаар иржээ.
3. Амнаасаа няцаж, ар шилээ харуулсан “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Хамтран ажиллах тухай гэрээг сунгахгүй гэдгээ урьдчилан сануулалгүйгээр гэнэт мэдэгдэж, хоёр хоногийн дараа буюу 28-нд нь “ТиТиЖиВиСиӨү” ХХК-ийн хөрс хуулалт, олборлолтын үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоов. Нэгэн цагт аминд нь орж, өөдлөн дэвжихийн үндэс суурийг нь тавьж өгсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ олон жилийн турш хариуцлагатай биелүүлсээр ирсэн хамтрагчдаа ийнхүү жудаггүй зан гаргаж, гэнэтхэн амнаасаа буцан ар шилээ харуулсны цаана 3000 монгол ажилчин, тэдний гэр бүлийн багаар бодоход 12 мянгаас доошгүй хүний амьдралыг золионд гаргаж, өдөр тутам 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нөхцөл үүсэж байгаад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлага огтхон ч санаа зовохгүй байгаа нь илт харагдаж байна. Энэ бол “АСАР ҮНЭТЭЙ ЗОЛИОС” юм.
Угтаа хоёр компаний хооронд байгуулсан гэрээгээр Гүйцэтгэгч тал олборлолтын ажлын 70 хувиас дээш хийж гүйцэтгэсэн тохиолдолд гэрээг дахин 2 жилээр сунгах нөхцөл бүрдсэн байсан хэдий ч “Санал болгосон үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй” учраас гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК хэн ч харсан үндэслэлгүй шалтгаанаар Сингапурын Арбитрын шүүх дээр учрах болзоо тавьж орхижээ. Харилцан зөвшилцөж дундын шийдвэр гаргах, олон жил хамтран ажилласан итгэлтэй хамтрагчаа хүндэтгэх зэрэг бизнесийн наад захын соёл хайчив? Асуудлыг эв зүйгээр, зардал чирэгдэл багатайгаар шийдэхийн оронд татвар төлөгчдийн мөнгийг харь оронд байгаа Арбитрын шүүх рүү урсгах нь “эх оронч үйлдэл” мөн үү? Тэнд очоод заргаа алдвал Монголын нэг аж ахуйн нэгж биш, Монгол төрийн нэр хүнд унана, гадаадын хөрөнгө оруулагчдыг улам дайжуулна, Монгол ялагдана гэдэг эрсдлийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд бодолцсонгүй. Дэндүү харалган бас ахархан бодлоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд харж байхад харин эсрэгээрээ “ТиТиЖиВиСиӨү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюутцэцэн болохоор “Аливааг эвээр шийдэх боломж бололцоо бидэнд байгаа гэж үзэж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байна билээ.
4. “ТиТиЖиВиСиӨү” ХХК-иас татгалзах шалтгаан
Ийнхүү ямар ч хууль зүйн үндэслэлгүй шалтаг шалтгаан хэлж яагаад татгалзах болов? Дөнгөж саяхан л “шилдэг, тэргүүний” хэмээн магтаж, шагнаж явсан компаниасаа яагаад нүүр буруулахад хүрэв? Яагаад? Шалтаг шалтгаан нь тус компани сайн ажиллаж байгаад л оршиж байна. Яагаад гэвэл, нийгмийн хариуцлагын хувьд тэднийх шиг сайн компани уул уурхайн салбарт өнөөдөртөө алга. Ажилчид нь 14 хоног ажиллаж, 14 хоног амраад цалингаа бүтнээр нь авна. Аюулгүй ажиллагааг хангаж ажилласны урамшуулал гэж улирал тутамд улирлын нийт цалингийн 15 хувь, Улсын наадам болон Шинэ жилээр үндсэн цалингийн 50 хувийг нэмж олгох боломжийг бүрдүүлсэн нь тус уурхайд ажиллаж буй ажилчдын ар гэр, амьдрал ахуйд нь ихээхэн дэмжлэг болж ирснийг хэвлэлийн бага хурлын үеэр яриналээ. Ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийг 100 сая төгрөгийн хамгаалат бүхий иж бүрэн даатгалд тогтмол хамруулчихна. Бусад компаниуд ажилчдын амьдрах байрыг гэр кэмп төдийхнөөр хямд төсөр аргалах гэдэг бол эднийх Цогтцэций суманд 900 хүний амьдрах байр, Спорт зал, Хурлын танхим зэргийг иж бүрнээр шийдсэн орчин үеийн цогцолбор хүртэл байгуулсан.
Өөрийн хөрөнгөөр 110 кВт-ын дэд станц ашиглалтад оруулахаар зорьж, өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ дэд станц ашиглалтад орсноор Эрдэнэс-Тавантолгойн уурхай орчмыг эрчим хүчээр хангах боломж эрс нэмэгдэнэ. Ийнхүү тэдний ажил үйлс нь өөдрөг, ашиг орлого сайн байгаа нь хэн нэгэнд таалагдаагүй учраас ийм шийдвэрийг гаргахад хүрсэн гэж хардах үндэслэл бүрэн байна. “ТиТиЖиВиСиӨү” ХХК-иас татгалзсан шалтгааныг өөр хаанаас ч биш, эндээс л эрэх учиртай.
5. Итгэлцлээ зольсон эвгүй шийдвэр
“ТиТиЖиВиСиӨү” ХХК-ийн ажилчид
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт албан хүсэлт, шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал зарлаж, хуулийн хүрээнд эсэргүүцэл илэрхийлж, Үндсэн хуулиар олгогдсон үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх язгуур эрхээ ийнхүү эдэлж байна. Тэд өөрсдийн эрх ашиг, гэр бүлийн гишүүдийнхээ эрх ашиг, компани хамт олныхоо эрх ашгаас гадна Монголчууд, Монгол төрийн нэр хүндийг хамгаалан тэмцэж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагын зүгээс гаргасан гэнэтийн шийдвэр нь Цанхийн Зүүн уурхайн нүүрсний олборлолт, экспортын 60 хувь нь саатах, сард 100 сая ам.долларын орлого алдах эдийн засгийн хор хохиролтойгоос гадна гадаадын хөрөнгө оруулагчдын тэртэй тэргүй анзаарчихаад байгаа айдас, болгоомжлолыг улам дэврээх аюултай. Хөрөнгө оруулагчид тухайн улс орон нийгмийн ямар тогтолцоотой, ямар улстөрийн хүчин эрх барьж байгаад нэг их ач холбогдол өгдөггүй. Харин харилцан ашигтайгаар хамтран ажиллах, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж ашиг олох боломж нөхцөл, тогтвортой аюулгүй байдал, итгэлцэлд илүү анхаардаг. Харилцан итгэлцлээ ёс зүйгүй, хууль бус үйлдлээр солихыг шударга бизнес эрхлэгчид хэзээ ч хүсдэггүй. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн энэ удаагийн шийдвэр итгэлцлээ зольсон, хамтрагчаа гомдоосон эвгүй шийдвэр болжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ сарын 10-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ “ТиТиЖиВиСиӨү” ХХК-ийн гэрээнд заасан үнэ дотоодын олборлогч компаниудаас өндөр байсан, үүнээс болж тус компани илүү ашиг олсон нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн алдагдсан боломж гэж олон нийтэд хандан мэдэгдсэн.
Гэтэл сардаа 1.5 сая тонн нүүрс олборлож өгөх хүчин чадалтай компани өнөөдөр Монголд алга. Эрдэнэс-Тавантолгойн нүүрсний экспортын 60 хувь, өөрөөр хэлбэл орлогынх нь 60 хувийг дангаараа хангадаг тэднийхээс өөр компани алга. Хамтран ажилласан хугацаандаа 1.4 их наяд төгрөгийн техник, тоног төхөөрөмж оруулж ирж, 350 сая ам.долларын өртэй байсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг жилдээ 1 их наяд төгрөгийн ашигтай ажилладаг болох хөрс суурийг нь бэлдэж өгсөн хамтрагч бол “ТиТиЖиВиСиӨү” ХХК яалтгүй мөн. Гэтэл энэ бүхнийг үл тооцон “Тэдний олсон ашиг бол бидний алдсан боломж” хэмээн бизнесийн ертөнцөд байж болшгүй ёсзүйгүй мэдэгдэл хийж байгаагийн цаана “зоосны нүхээр итгэлцлээ гоожуулсан монгол төрийн эмгэнэл” тодхон харагдаж байна. Тэгээд ч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд очоод өчнөөн хугацаа өнгөрсний дараа гэнэт ийнхүү “ухаан орж” байгаа нь сэжиг төрүүлж байна. Асуудал үүгээр дуусахгүй, ард түмний дунд хариулт нэхсэн үйл явдал тун удахгүй яаж өрнөхийг бид харах л үлдлээ. Гэвч хууль ёст оронд амьдарч байгаа гэж боддог хүний хувьд шударга ёс ялж, Монгол төрийн нэр хүндийг унагаасан ухвар мөчид алхам хийхгүй гэдэгт итгэл төгс байна.
Гэтэл “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” гэх төрийн дээд цол тэмдгийг хэнээс авч, хаашаа хүрэх хэтийн зорилготой байсан талаарх баримт фактыг эрэн сурвалжилж, дараагийн нийтлэлээрээ дэлгэх болно.
Үргэлжлэл бий…
Сэтгүүлч, докторант М.ЭРДЭНЭЧИМЭГ