Сүүлчийн зам…
Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлы н нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн амь ковидын улмаас сүүлчийн замдаа гав ганцаар гарч байна.
Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, 1972 онд төрсөн, оператив тактикийн өндөр боловсролтой хурандаа Ж.Даваарагчаа ковид-19 өвчнөөр ийнхүү нас барла а . Халдварын голомтонд өдөр шөнийг ялгахгүй өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, өөрийн эрүүл мэндийг мартан цаг наргүй ажилласаар халдварт өвчинд өртөн ийнхүү амьдралаас зуурдаар буцлаа.
Дөчин есхөн настай түүний өмнө 30,40 жилийн өрнүүн амьдрал, ач зээгээ үнэрлэж суух он жилүүд байсан нь эргэлзээгүй. Гэвч тахал бол тахал ажээ. Эмч, цагдаа, сувилагч, арын албанд ажиллаж буй жолооч, асрагч, тогооч, хэв журам сахиулагчид гээд голомтонд ажиллаж буй хэн бүхэн бүгд энэ өвчинтэй тэмцэж, өргөсөн тангарагтаа үнэнч явсаар сульдаж, сөхөрч, дархлаагаа алдаж байна.
Гэтэл тахал биш ээ, зүгээр л ханиад гэж олон нийтийг ухуулан мунхруулагчид бүх шатанд, бүх шалтгаанаар байсаар байгаа нь ковид-19 вирусаас илүү аюултай юм. Тэд бол нүүрээ нууж, зэвсгээ ханцуйлсан алуурчид гэж би хэлнэ. Өнөөдөр ч эмч цагдаа, сувилагчид маань чимээгүйхэн ажлаа хийсээр л байгаа.
Та нар цалингаа аваад ажиллаж байгаа биз дээ, ажиллахгүй яах юм гэсэн хүйтэн мэс шиг үгээр тэднийг бүү цуцаа, бүү гундаа. Харсан биз дээ, гурван өдөр ажилласан сувилагчийн илүү цагийн цалин 17-хон мянган төгрөг байсан. Сэтгэл нь тогтсон газартаа л хүн үлддэг, ажилладаг, амьдардаг.
Ажлаа хийж, аймшигт өвчинтэй тэмцэж, хэв журам сахиулж, хэл чимээгүй үүргээ гүйцэтгэж, доромжлол болгоныг хүлцэж, гүтгэлэг болгоныг өнгөрөөж, өвдөөд очиход чинь асарч сувилж, өргөлийн сүү шиг сэтгэлээр угтах тэр хүмүүс өөрсдөө үхэл дундуур туучиж явна.
Цэцэггүй, хадаггүй, арцны утаагүй, эгнэж зогссон анд нөхөдгүй, эгнэгт үлдэх халуун ам бүлгүй, өнгөрөгсдөө үдэх ёс заншилгүй сүүлчийн зам…энэ бүхэн хайртай хүн бүрийн чинь зүрх сэтгэлд л бий ажээ. Амар амгаланг олох болтугай!
Эмүжин