Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ш.Цогтоотой ярилцлаа.
–Та Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөөд хэр удаж байна вэ?
-Сар арай болоогүй 20 гаруй хонож байна.
–Үндсэн хуультай холбоотой маргаан сүүлийн үед шуугиан тарьж байна л даа. Тэнд бас нэр дурдагдаж байгаа хүмүүсийн нэг нь та. Гэхдээ ямар талаасаа вэ гэвэл Үндсэн хуулийг зөв шударга хэрэгжүүлэх талаасаа нэлээн тэмцэл явуулсан хүний нэг гэж таныг хараад байна. Таниас зарим нэг зүйлийг тодруулж, нягтлаж асуух гэж хоёрдугаарт, мэдээллээр хангах гэж танайд ирээд байна. Их даруухан суудаг юм байна. ҮХЦ-ийн гишүүн гэхээр баян хүн байдаг гэж бодоод байсан энгийн хүн байна. Таныг шударгаар хариулна гэж бодож зорьж ирлээ. Анхнаасаа Үндсэн хуулийн Ерөнхийлөгчтэй холбогдох заалттай холбоотой маргаан орж ирэхэд хүлээж авах авахгүй тухай асуудал гарлаа гэж шуугиан дэгдсэн. Анхны процедур яаж явсан бэ?
-Миний мэдэх хэсэг бол ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан болсон ч юм шиг болоогүй ч юм шиг, хүчинтэй ч юм шиг хүчингүй ч юм шиг. Нэгдүгээрт, Хүчинтэй болвол хуурамч бланк ашигласан гээд бас болоогүй эрүүгийн айлгаж, цочоосон юм ч оруулах гээд байх шиг замбараагүй юм их явагдсан. Хоёрдугаарт, орон даяар шуугиж, маргаан мэтгэлцээн болж байгаа үйл ажиллагааны хоморгонд ҮХЦ-ийн 9 гишүүний 6 нь холбогдчихоод байна шүү дээ. Би нэрийг нь хэлсэн ч болно. Д.Солонго, Д.Одбаяр, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Н.Чинбат, Ж.Эрдэнэбулган. 9 гишүүнтэй айлын 6 нь холбогдчихоор Монголын хуульчдын сэтгэл санаа нь зовж байна. Тэнд би 7 жил “хоолыг нь хороосон” хүний хувьд миний ч сэтгэл зовниж байна. Тэгэхээр би та нарт ерөөсөө ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаанаар юу болсон тухай л хэлж өгье. Бага суудлын хуралдаан болдгоороо болсон, хянадаг юмаа хянасан, шалгадаг юмаа шалгасан, шийдвэр нь гардгаараа гарсан. Яаж гарсан бэ гэдэг баримтыг л харуулъя. Тэгж байж ойлгоно. ХҮН намын дарга Т.Доржханд, Ерөнхий нарийн бичгийн дарга Үүрцайх нар эхлээд ҮХЦ-д мэдээлэл гаргасан. Мэдээллийн агуулга бол ойлгомжтой. Парламент буюу УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа одоогийн Ерөнхийлөгч ахин нэр дэвшихгүй гэдэг заалтыг оруулах байсан энийгээ УИХ оруулаагүй Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ-д мэдээлэл гаргасан. Тэгэнгүүт ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн юм байна гэсэн өнгө аястай маргаан үүсгээд явж байтал нь Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч тал юм уу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч, гомдол санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх эсэхийг шийдвэрлэж, магадлал гаргана гэсэн заалтын дагуу ҮХЦ-ийн дарга Чинбатын 06 тоот тогтоол байгаа юм. 3 хүний бүрэлдэхүүнтэй. Даргалагчаар Д.Одбаяр, Шалгагч буюу илтгэгч гишүүн Ш.Цогтоо, Нанзаддорж нарыг томилсугай гэдэг тогтоол гаргачихсан.
Маш энгийнээр бол Д.Солонго гэдэг хүн мэдээллийг хүлээж аваад, ҮХЦ-д асуудал үүсгэсэн. Нөгөө гишүүн нь боломжгүй гэсэн?
-Энэ нь хуулинд байгаа заалт. Би шалгагч гишүүн учраас шалгаж үзнэ шүү дээ. Шалгаж үзээд өөрийнхөө 29 тоот тогтоолыг гаргаад Д.Солонго гишүүний маргаан үүсгэсэнтэй 3 тогтоолыг нэгтгэн шалгах тухай эс зөвшөөрсөн тогтоолуудыг Бага суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр шилжүүлчихэж байгаа юм. Процессоороо явж байгаа юм л даа. Миний доор 5 хүнтэй баг ажилласан. ҮХЦ-ийн Хуулийн хэлтсийн дарга, ҮХЦ-ийн Судалгааны төвийн захирал, ҮХЦ-ийн хуралдааны нарийн бичгийн дарга, ҮХЦ-ийн туслах. Ийм том баг үүнийг шалгаж, хянаад хуралдаан болохын өмнө иймэрхүү үндэслэл гарахаар байна шүү гэдгийг хуулийн дагуу үзээд төсөл байдлаар өгнө. Хуралд орохын өмнө бүр томоор нь 10 гаруй хуудас илтгэл, шалгасан материал өгч, хурлаас ийм л дүгнэлт, магадлал, шийдвэр гарахаар байгааг үндэслэл дээр үндэслээд гаргачихдаг. Ингэж бүрдсэн. Т.Доржханд гэдэг хүн эхлээд өргөдөл гаргаж тийм ээ? Түүнийг нь Д.Солонго гишүүн хянан шалгаж. Д.Солонгын шалгасан зүйлийг Б.Буяндэлгэр гэдэг хүн саналаа өгч. Түүнийг нь би хянан шалгаж. Хурал эхэллээ. Цэцийн хуралдааныг Цэцийн даргын тогтоолоор томилсон хуралдаан даргалагч, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хийнэ. Д.Одбаяр, Ш.Цогтоо, Нанзаддорж. Хуралдаан даргалагч хурлыг нээж, хэлэлцэх асуудлыг зарлана. Дарга зарлачихсан. Одоо илтгэгч гишүүн илтгэлээ тавина. Гэтэл Хурал даргалагч Д.Одбаяр маань гэнэтхэн хурал нээснийхээ дараа “Ш.Цогтоо гишүүнээс ХҮН намын дарга Т.Доржханд татгалзсан байна. Та хурлыг орхиж гарна уу” гэдэг юм байна. Нанзаддорж гишүүн хажуунаас нь Д.Одбаярт хандаж “Та юу аваад ирэв. Энэ тараасан материалд байхгүй байна шүү дээ” гэхэд Нанзаддоржид өглөө. Нөгөө хоёрын дунд маргаан үүсэж байгаа юм. “Чи яахаараа хүний өргөдөл барьж орж ирээд надад одоо өгч байдаг юм” гэсэн. Хурал ингэж эхэлсэн. Гишүүд маргалдаж байгаад намайг гар гэхэд би бас хэлсэн. “Хуралдаан даргалагч аа, Т.Доржханд гэдэг хүн миний шалгасан Бага суудлын хуралдааны оролцогч биш. Миний оролцогч бол Б.Буяндэлгэр гэдэг хүн байгаа оролцуулвал Б.Буяндэлгэрийг оролцуулъя, Доржханд бол Солонго гишүүний оролцогч шүү дээ” гэж. Хурал удсан маргаан энд явагдаж байсан. Хэрэв би гарчихвал Үндсэн хууль зөрчсөн болчихно шүү дээ. Буяндэлгэр татгалзсан бол би гарч болно. Гэтэл хөндлөнгийн хүний өргөдлийг хуралдаан даргалагч маань барьж орж ирээд, асуухад “Хэн мэдсэн юм. Тэр Н.Чинбатаасаа асуу. Надад цохсон байна лээ” гэсэн. Иймэрхүү маягаар явж 3 сарын 19-ны үдээс өмнө 3 цаг иймэрхүү маргаан явагдсан. Ахиад хуралдахад яг л ийм байдал давтагдсан. 3 сарын 19-ны өдөр дарга маань гэнэтхэн хурлаа хаяад гараад явсан. Хүлээгээд суугаад л байлаа. 3 сарын 22-ны өдөр хуралдаан дээр илтгэлээ тавих үеэр Хуралдаан даргалагч Д.Одбаяр гараад явсан. 2 дахь удаагаа хурлаа хаяад гараад явчихаж байгаа юм. Цэцэд процессын хуулиа хэзээ ч зөрчдөггүй. Ямар ч зүйл болж байсан гэсэн эргэж процессын хууль руугаа ороод юмаа ном журмаар нь хийдэг. Миний хэлдгээр хуралддагаараа хуралдсан, шийдвэр нь гарснаараа гарсан гэдгийг хийдэг ийм түүхтэй, хуультай газар. Энэ удаад Процессын хууль гэдгийг мөрдөхгүй, зах замаа алдаад явсан. Илтгэлээ тавьлаа, дууслаа, надад асуулт, хариулт тавигдлаа, саналаа хэлцгээлээ хоёр гишүүн гарын үсгээ зурсан. Бланк дээр мөн зурсан. Д.Одбаяр даргаар зуруул гэсэн зурахгүй гэсэн. Товчлоод хэлэх юм бол Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болдгоорло болсон, хянадагаараа хянасан, шалгадгаараа шалгасан, шийдвэрлэдгээрээ шийдвэрлэсэн, шийдвэр нь гарсан. Үүнд ганцхан юм дутуу байгаа нь дугаар, тамга. Ёсчлол гэдэг чинь хуралдааныхаа агуулгыг дагаж хийгддэг болохоос биш дургүй хүн нь “тамга дарахгүй, дугаар өгөхгүй шүү” гэдэг зүйл биш. Дугаар, тамга 2 яадаг вэ гэхээр энэ шийдвэрийнхээ агуулгыг дагаж хийдэг. УИХ дээр тогтоол гарчихаад 10 хоногийн дараа хууль хүчин төгөлдөр болсны дараа хэдэн нөхөд суучхаад “тамгаа дарахгүй” гэвэл яах вэ. Үүнтэй яг адилхан. Бага суудлын хуралдаанаар ердөө ийм л зүйл болсон. Б.Буяндэлгэр гишүүн, эхнэр, охиныг нь яаж гутаав. Уг нь Цэцийн даргын тогтоолоор л үүргээ гүйцэтгэсэн шүү дээ. Сүүл рүүгээ над руу орлоо. Намайг чинь МОАХ-ын гишүүн л гэнэ, гүтгэлгүүд их гарсан. Би юу гэж шийдвэр гаргаж байгаа вэ гэвэл Б.Буяндэлгэрийн саналыг зөв байна. Д.Солонго гишүүний гурван тогтоолыг хүчингүй болгосугай гээд хоёрдугаарт нь Т.Доржханд, Үүрцайх, Батаа, Мөнхсайхан нарын ҮХЦ-д хандсан мэдээллийн дагуу ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсугай гээд шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь өөрөө ямар утгатай вэ гэхээр Парламент Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөв баталсан байна гэж гаргаж байгаа шийдвэр шүү дээ. Зөв гэдгийг нь хэлэхийн тулд гишүүнийхээ тогтоолыг шүүмжлэхээс өөрцгүй л дээ. Нэгдүгээрт, намуудын өмнүүр давхиад орчихож, Хоёрдугаарт, ард түмний өмнүүр давхиад орчихож. Эцсийн бүлэгтээ сонгоно, сонгогдохгүй гэдэг чинь ард түмний “ажил” юм байгаа биз дээ. Дам болон шууд утгаараа орчихож байгаа юм. Гуравдугаарт, СЕХ-ны өмнүүр орчихож.Тэгээд УИХ-ын өмнүүр орчихож байгаа юм. Шалгасан хүн чинь үзнэ шүү дээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бол Н.Энхболд. УИХ-аас “Хууль гардгаараа гарсан. Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэсэн баталгаа явуулж байгаа юм. УИХ-ыг төлөөлж ирүүлсэн бичигтээ тэгээд ирчихсэн байгаа юм. Ингээд баахан хууль зөрчөөд ирэнгүүт Үндсэн хуулийнхаа дээгүүр бас ороод ирж байгаа юм л даа. “Одоо ажиллаж байгаа Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх эрхгүй гэж хэл” гэдэг чинь хүний эрхийг хязгаарлаад байна. Ямар ч хууль баталсан эрхийг нь хязгаарлаж болохгүй. Хүний эрх бол ардчиллын амин сүнс. Бүгд энэ зүйлийг хуулийн дагуу зөв л хийх үүрэгтэй. Цэц хууль зөрчиж болохгүй шүү дээ. Миний дуулснаар одоо бол “энэ нь Үндсэн хууль зөрчсөн” гэж захиалгаар Цэцэд хүн өгөөд Цэц хэрэг үүсгээд явж байгаа гэж сонсогдсон. Тэгээгүй л байгаасай. Цэц улс төрд ашиглагдах аюулаас ямагт хол байх ёстой газар. Буруу юм хийхэд нь дуугай яваад байдаг, зөв юм хийнгүүт нь гэнэтхэн бүгд цочоод ингэж байна шүү дээ. Аливаа юм хууль, процесс, журам дүрмээрээ явбал сайхан шүү дээ.
–Цэцийн Дунд суудлын хуралдаанаас шийдвэр гарлаа. УИХ-аар хэлэлцүүлвэл УИХ алдаатай юм хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх нь байна. Гэтэл Бага суудлын хуралдаан дээрээ УИХ алдаагүй, Үндсэн хуулиараа хийсэн гэсэн шийдвэр гаргасан байна шүү дээ. Хоёр зөрүүтэй юм ороод ирлээ?
-Ер нь бол тийм. Манай УИХ 30 жилийн түүхтэй. Түүхийн хувьд бага боловч туршлагагүй парламент биш. Би Дунд суудлын хуралдааны тухай ярихгүй. Би процессыг нь мэдэхгүй, дотор нь байгаагүй. Одоо УИХ-аар хэлэлцэнэ. 38 дахь жилдээ хууль эргүүлж, төрд зүтгэж байгаа хуульч хүний хувьд парламентыг ХҮН намын дарга Т.Доржхандын мөрөөдөж байгаа шиг, Цэц өөрсдөө ашиглагдаад байх шиг байна. Харахад тэгж харагдаад байна. Д.Одбаяр гишүүний хувьд ойлгомжтой. Бид бүгдээрээ мэдэж байгаа. Би нэрийг нь хэлэхгүй өнгөрөөгөөд ч яах вэ. Ашиглагдах дуртай хүн л ашиглагдана шүү дээ. Нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй, хэн нэгэн хүнд гавьяа байгуулах хэрэгтэй, өөрөө зөв болох ёстой шүү дээ ер нь бол. Ийм замаар зөв болох ёстой юм уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан ашиглагдах шалтагтай байна. Энэ бол миний бодол шүү. Тэгэхээр хүнд жижигхээн боловч ашиглагдах шалтаг өгчихөж байгаа юм л даа. Ийм л сонин юм болоод байна. Цэц болон парламент зөв шийдвэр гаргах ёстой. Хоёр юм харагдаж байна. Гончигдорж гуай бол хөдөлгөөнгүй хууль зүйн ямарч мэргэжилтнээс илүү хууль зүйн ньюанстай үндэслэлүүдийг ярьж байна лээ. Дор хаяж зургаан жил гэдгээ ханга гэж ярьж байна лээ.
–ҮХЦ гэдэг байгууллага Үндсэн хуулийг сахиулах манаач гээд байсан чинь одоо улс төрчдийн тоглоом болдог юм биш үү? Дуртай хүндээ үйлчилж байдаг болчихсон юм биш үү гээд Цэцийн нэр хүндэд том асуудал үүсчихсэн байна. Хэн ч ашиглагдахаар байна шүү дээ? Хоёр гишүүн ашиглагдахад Үндсэн хуулийг хэн сахиулах юм бэ? Ашиглаж болдог байгууллага гээд ойлгочихлоо?
– Ичих юм байна шүү дээ. Оросоос ичих хэрэгтэй. Хятадаас ичих хэрэгтэй. Дэлхийн ардчилсан орнуудаас ичих хэрэгтэй. Ийм юм хийж болохгүй шүү дээ. Улс төрийн намууд нь төлөвшөөгүй байна. Аль ч нам нь төлөвшөөгүй байна. Социализм, коммунизмаасаа гарч чадахгүй байна. Шударга ёс гэж юу юм. Хүн төрөлхтний түүх чинь шударга ёсны төлөөх тэмцлийн түүх байхгүй юу. Хүн шударга ёсны төлөө тэмцэж байж хууль, шүүх, Засгийн газар, парламентыг бий болгосон. Шударга ёсны төлөө тэмцэлгүй босч ирсэн нэг ч тусгаар тогносон улс, үндэстэн дэлхийд байхгүй. Шударга ёсыг үл ойшоосон улс, үндэстэн бүгд тусгаар тогтнож чадаагүй мөхсөн, сөнөсөн. Шударга ёс гэдэг чинь ийм үнэ цэнтэй зүйл. Цэцийн шударга ёсны юмыг өмнөө туг болгон барьж, шийдэж чадахгүй бол нийгэмд шударга ёс хохирно. Шударга ёс хохирох юм бол нийтээрээ хохирно.