МҮОНРТ-ын нэвтрүүлэгч асан МУУГЗ Ж.Бямбаа өдгөө “Лавайн эгшиг” радиод ажиллаж буй. Тэрээр амьдралынхаа ханийг сонгоогүй залуу бүсгүйчүүдэд хандаж дараах зөвлөгөөг өгчээ.
Хүнийг хэлж байгаа үг яриагаар нь дүгнэчих амархан санагддаг. Үйл хөдлөл, харцнаасаа л хүн танигдана. Нэгэнт анхны харцаар нэгэндээ сэтгэлтэй болсон бол буруудах зүйлгүй гэж боддог. Тэгэхээр энэ бүхнийг тухайн хүний сонголт л мэднэ. Сонголтоо хийхдээ үүнийг мэдэрдэг мэдрэмжтэй байх ёстой болов уу.
Би гэхэд нөхөртэйгээ 8 дугаар ангиасаа үерхэж байгаад суусан. Авто инженерийн мэргэжилтэй хүн байлаа. Телевизийн ажил цаг наргүй шүү дээ, баяраар гэхэд шөнө 1-2 цагийн үед эфирээ дуусгаад гэртээ орж ирдэг үе олон.
Сайн ханийн ачаар ажлаа хийж хүүхдийн эцэг эхийн хуралд сууж, сургуульд нь зөөж үзээгүй. Ямар сайндаа нэг удаа манай хүн бухимдчихсан сууж байхаар асуусан чинь “Би эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү. Хүүхэд намайг тогооч аав” гэж дуудлаа гэж билээ. Гэхдээ хань минь энэ бүхэнд гуниж туниад байгаагүй. Хань минь намайг үргэлж тулж түшиж явсан учраас би өдий зэрэгтэй яваа гэж боддог.
Тийм учраас ханьдаа сэтгэл зүрхнээсээ мөргөж сүсэлж явдаг. Ханиа алдах өнчрөл хагацал хамгийн хэцүү. Энэ хоосон орон зайг миний хөөрхөн ач зээ нар эзэлж намайг уйлуулж, баярлуулж, инээлгэж дүүргэдэг юм байна” гэжээ.