“Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус” зэрэг кинонуудад туслах дүр бүтээж байсан бол “Аз жаргалын шок”, “Том Толгойтын романс” кинонд гол дүр бүтээсэн УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг нүдний шил, цүнх , гутал гуравт гар татдаггүй мөнгөө “цацдаг” ажээ.
Урьд насандаа өөрийгөө шилийн сайн эр байсан гэж боддог тэрээр эргэж буцсан занд дургүй гэнэ. Тэрээр эмэгтэй хүн гаднаасаа ч дотроосоо гэрэлтэх хэрэгтэй гэж боддог бөгөөд үс , инээмсэглэл хоёроороо өөрийгөө чимдэг гэнэ шүү.
Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Гаднаасаа элдэв будаг, шунх нялах нь чухал биш л дээ. Хүн дотроосоо гэрэлтэх хэрэгтэй байх. Зөвхөн ажил, гэр гээд яваад байвал стресстэнэ шүү дээ. Би ажил, амьдралаа зохицуулаад найз нартайгаа уулзаж бүр чин сэтгэлээсээ инээхийг хүсдэг. Заримдаа бүр ганцаараа ч хамаагүй кино театрт кино үзэх ч сайхан шүү дээ. Ээжийгээ санасан үедээ шууд залгаад л дуу дуулж өгөөд уйлуулчихна.
“Ээж ээ, маш их санаж байна. Тандаа хайртай шүү” гээд хүссэн үедээ хэлчихнэ. Найз минь үнэхээр сайхан харагдаж байвал бас тиймхэн байвал бас л хэлж орхино. Миний төрөлхийн шулуухан, нээлттэй нэг ийм зан байдаг юм шиг байгаа юм. Дотроо нууж хаах зүйл юу ч байхгүй. Ер нь хүссэн зүйлээ тухайн цаг бүрт хийж, сэтгэл хөдлөлөө илэрхийлбэл стресстэхгүй, дотроосоо гэрэлтэхийн нэг үндэс байх гэж боддог шүү. Дээрээс нь фитнесс, иогоор хичээллэж байна” гэжээ.