УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын том охин Н.Мөнхнасанг танихгүй хүн ховор. Монголын хамгийн том уул уурхай, нөхөн сэргээлтийн группыг удирддаг тэрээр өдгөө дөрвөн хүүхэдтэй, одонтой ээжийн нэг ч гэлээ гоо үзэсгэлэнтэй хэвээрээ.
“The Apprentice Mongolia” шоуны сүүлийн дугаарыг үзсэн хүмүүсийн Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасангийн талаар сайшаасан, сонжсон сэтгэгдэл сошиал медиа дээр цуварч, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсэх болсон.
Н.Мөнхнасан Улаанбаатар хотын 11 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангид суралцаж байгаад Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан, ахлах сургуулиа АНУ-д төгссөн байна. Аав нь математикийн багш байсан учраас багаасаа физик, тоонд дур сонирхолтой байжээ.
Аавыгаа өнгөрсний дараа буюу 14 настайдаа АНУ-ыг зорьсон тэрээр Жорж Вашингтоны их сургуульд макро эдийн засаг, санхүүгийн инженерчлэлийн магистрын зэрэг хамгаалжээ.
Мөн Харвардын бизнесийн сургуулийн залуу манлайлагч нарын хөтөлбөрийг дүүргэж байв.
Түүний нөхөр нь Монгол Улсын төрийн соёрхолт математикч, доктор профессор Ч. Алтаннар юм. Тэд бага ангидаа танилцаж нэг нэгнээ олсон гэдэг. Ч. Алтаннарын эрдэм шинжилгээний бүтээлүүд дэлхийд данстай бөгөөд Их Британи улсын “Imperial college”-д багшилж байсан цорын ганц монгол эрдэмтэн гэгддэг.
Ээжийнхээ үүсгэн байгуулсан компанийг төрөлжүүлж, олон улсад өрсөлдөхүйц “Монцемент” цогц үйлдвэрийн төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь тогтворжуулсан гэдгээрээ бизнесийнхэн дундаа алдартай. Тэрээр ирээдүй хойч болсон хүүхэд багачууд болоод эмэгтэйчүүдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлдэг “Мөнх тогтвортой хөгжил сан”-г удирддаг юм билээ.