Ноёд наадамтай, ард наадамгүй-ЭНЭ ТЭНЭГЛЭЛЭЭ ЗОГСОО
Ковидын нөхцөл байдлын улмаас энэ жил дахин үзэгчгүй цахим наадам зохион байгуулахаар болсон тухай өчигдөр мэдээллээ.
Ингэхдээ энэ жил Үндэсний их баяр наадмын 100 жилийн ой тохиож буй бөгөөд өргөн дэлгэр тэмдэглэхээр 10 тэрбумыг төсөвлөөд байсан ч коронавирусийн халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор аймаг сумдын наадмыг ч ийнхүү цахимаар хийхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж холбогдох газруудад чиглэл өгчээ.
Хамгийн инээдтэй нь нөгөө наадам тэмдэглэх 10 тэрбумын талаарх асуудал огт яригдсангүй. Өнгөрсөн жилийнх шиг наадмын бөх, сур, шагайн харвааг нэгэн эрх бүхий эрхмийн амралтын газарт, хурдан морины уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулах юм байх. Ингэхдээ өнгөрсөн жилийнх шиг олон нийтэд онлайн болон теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэх гэнэ.
Цар тахлын үед хүн амын төвлөрөл үүсгэхгүй гэсэн зохицуулалт гэж тайлбарлаж буй. Мэдээж энэ наадамд урлаг соёл, спортынхон оролцоно. Тэд хэрхэн халдвар хамгаалалаа хийх вэ? Камерт дүрсээ оруулахын тулд 1,5 метр бүү хэл, хошуу амаа нийлүүлэх нь холгүй зогсож дуулж хуурддаг биз дээ? Бөхчүүд нь бас 1,5 метрын зайг баримталж барилдах биш ТААХАЛЗАХ уу? Ингэж хэн хүнийг эрсдэлд оруулж байхаар энэ жилийн наадмаа больцгооё. Татвар төлөгчдийн 10 тэрбум төгрөгийг ингэж үрмээргүй байна. Иргэд бид өнгөрсөн жилийнхээ наадмыг бичлэгийг үзээд наадая.
Угаасаа ч, өнгөрсөн жилийн наадмаар “Херо”-ийн Б.Баатар найруулагч АРДЫН НААДМЫГ НОЁДЫН НААДАМ БОЛГОСОН биздээ. Ноёдын наадамд ноёдын бөх тэргүүлж, ноёдын морь түрүүлж, харц гэртээ ардууд телевиз үзээд хагас хугас баярласан болоод өнгөрсөн. Энэ жил иргэд бид энийг хүсэхгүй байна. Эрх мэдэлтнүүдийн наадамд зориулж хэдэн тэрбумыг салхинд хийсгэмээргүй байна. Найр наадмын нэрээр Ардын хувьсгалт намын 100 жилийг ойг ч тэмдэглэмээргүй байна.
Тийм л их ард түмэндээ “хайртай”, тэгээд баярлуулахыг хүсээд байгаан бол наадмыг биш ард иргэдэдээ короновирусын эсрэг эмийн багцаа тараа, ард иргэдээ дархлаажуулах юм аа бод, PCR шинжилгээгээ үнэ төлбөргүй болго. Наад мөнгө угаах, зиндаархал тогтоох тэнэглэлээ бүр мөсөн зогсоо!!!