Монгол Улсын Засгийн газраас иргэдийг хотоос орж гарах хөдөлгөөнийг хаахгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч аймгууд нийслэлийн иргэдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээтэй, вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон иргэдийг нэвтрүүлэхээр болсон.
Уг асуудалтай холбоотойгоор бодит байдлыг Хэрлэн голын хөвөө буюу Багануур дүүргийн цаана оршин замын постоос сурвалжиллаа.
Цар тахалгүй үед тус постоор өдөрт 400 орчим автомашин орж гардаг байжээ. Харин короновирусын улмаас энэ тоо нэлээд буурчээ. Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Хэнтий аймаг болон түүгээр дамжин өнгөрөх хүсэлтэй аялагчдын тоо нэмэгджээ. Гэвч Багануур дүүргийн цаана байрлах Хэрлэн голын дэргэдэх автозамын пост дээрээс тэдгээр иргэдийг буцааж, эсхүл дахин шинжилгээ өгч шинжилгээний хариугаа өдөржин хүлээж оочерлох аж.
Баянзүрх дүүргийн иргэн Б.Мягмар “Амралтаа аваад нутагтаа очих санаатай энэ хүртэл ирсэн боловч гурван цагийн турш оочерлолоо. Шинжилгээ маань СӨРӨГ гарсан, хоёрдахь тунгаа хийлгээд 16 хонож байгаа. Гэтэл энд дахин түргэвчилсэн шинжилгээ аваад хэдэн цаг оочерлуулж байна” гэв.
Онцгой байдлын албан хаагч Г “Улаанбаатар хотоос ирж буй иргэдээс дахин шинжилгээ авахаас өөр аргагүй. PCR шинжилгээ нь сөрөг гарсан боловч түргэвчилсэн оношлуураар эерэг гарч буй иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. 12 наснаас дээш насныхан PCR өгсөн байх шаардлагатай.
Энд Онцгой байдлын ажилтан, эмч эмнэлгийнхэн, цагдаагийн албан хаагчид 24 цагийн турш ажиллаж байна гэв.