Улс төрч хүн ямар ч тохиолдолд нэр цэвэр, уснаас хуурай гарах учиртай. Энэ зарчмыг хамгийн сайн баримталдаг улс төрч бол УИХ-ын дарга асан, одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд. Ингэж хэлэхийн учир нь тэрбээр тэрбумтан болохын тулд өөрийнхөө нэр дээр биш харин шугам зургийн багш худынхаа нэр дээр Францаас Мал хөгжүүлэх сан дээр ирсэн Монтбелярд үүлдрийн 50 үхрийг зээлж ферм байгуулжээ. Хүн харахад Б.Ванчиг болон түүний хүү В.Ганцолмон нар байх ч хачир дээрээ З.Энхболдынх гэдгийг Төв аймгийн Баянчандмань сумынхан баталж байна.
Монгол улсын Засгийн газрын 141-р тогтоолоор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыт 43 тэрбум төгрөг хүртэл зээл олгохоор шийдвэрлэсэн. Тогтоолын биелэлтийг хангах үүднээс 2013.08.08-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн төслийг Голомт банканд хүргүүлсэн ба 2014 оны 09 сарын байдлаар зээлийн эх үүсвэр ашиглалт 53 хувьтай буюу нийт 30 ААН 23 051 800 000 /хорин гурван тэрбум тавин нэгэн сая найман зуун мянга/ төгрөг олгох шийдвэр гарсан байдаг. Үүнээс 12 299 900 000 /арван хоёр тэрбум хоёр зуун ерэн есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг ААН-үүдэд олгоод байжээ. Төслийн хувьд боловсруулах үйлдвэр, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот орчимд сүүний эрчимжсэн фермийн аж ахуй байгуулах болон орон нутагт бага оврын цех байгуулах гэсэн гурван чиглэлээр зээл олгосон. Зээлэнд хамрагдсан ААН-үүдийн хувьд хоёр боловсруулах үйлдвэр, 10 орон нутгийн цех, 18 эрчимжсэн фермийн аж ахуй.
Төсөл эхэлснээс хойш 2013-2014 онуудад Франц, Герман, Словак улсуудаас 920 өндөр ашиг шимтэн Семменталь болон Монтбелярд, Хар тарлан, Шведийн бор үүлдрийн үхэр импортлосон. Нүүдэлчин групп ХХК Франц улсаас мах-сүүний чиглэлийн Монтбелярд үүлдрийн 315 толгой, Баянчандмань милк ХХК 50 толгой Монтбелярд, Говь хурх ХХК Словак улсаас 160 толгой Семменталь, Ундармал мильк ХХК Герман улсаас мах-сүүннй чиглэлийн Семменталь үүлдрийн 31 толгой “Сүү” ХХК-иуд, Герман улсаас сүүний чиглэлийн 300 толгой Хар тарлан үүлдрийн, “Монтаримал” ХХК Герман улсаас сүүний чиглэлийн 64 толгой гунжуудыг Төв аймшйн Архуст, Баян, Баянчандмань, Cэлэнгэ аймгийн Мандал сумдуудад оруулж ирэн нутагшуулан үржүүлж байна.
Нэг үнээнээс хоногт дунджаар 15 литр сүү саана гэж тооцвол дээрх үнээнүүдийг импортлосноор эхний 4 сая орчим литр сүүг зах зээлд нийлүүлэх, цаашид энэ тоо өсөх болно гэсэн тооцоог тухайн үед мэргэжилтнүүд гаргаж байв.
Таны харж байгаачлан зураг дээрх үхэр 150 см өндөр, 800-900 кг жинтэй мах, сүүний чиглэлийн Монтбелярд үүлдрийн үхэр. Нэг удаагийн саалтаар 25 литр сүү гардаг энэхүү үхрийг 2013 онд нэг бүрийг нь 10 гаруй сая төгрөгөөр онгоц, усан онгоцоор тээвэрлэн Монгол улсад авчирсэн тухайг нутгийн иргэд ярьж байв. Улмаар З.Энхболдын худ гэх шугам зургийн багш мэргэжилтэй Б.Ванчиг болон түүний хүү эдийн засагч мэргэжилтэй В.Ганцолмон нар өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байгаа аж.
Дээр хэлсэнчлэн үнэн хэрэгтээ энэхүү ферм нь Б.Ваанчиг болон түүний хүү В.Ганцолмон нарын нэр дээр байдаг тухайг тус нутгийнхан ам булаалдан ярьж байв. Түүнд энэхүү боломжийг олгосон хүн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2013 онд Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Мал хамгаалах сангаас 50 Монтбелярд үүлдрийн үхрийг УИХ-ын даргадаа тал засан өгсөн үү гэх асуулт гарч ирж байна. Үүнийг нь экс УИХ-ын дарга шууд авахад бэрх байсан болохоор бага дүү З. Хишигтогтохын эхнэр Алтантуяагийн аав Б.Ваанчигийнх нь нэр дээр бүртгүүлж 50 үхрийг Мал хамгаалах сантай гэрээлж төлбөрийг төлөөр нь эргүүлж төлөх гэрээ хийжээ. Өөрөөр хэлбэл, төлөөр нь эргүүлэн төлөх зээлийн хугацаа нь өдгөө дуусгавар болж Зи дарга тэрбумтан болсон гэсэн үг.
Тодруулбал, өнөөдөр уг ферм нэг бүр нь 10 000 000 төгрөгийн өртөг бүхий 70 үнээтэй. Үүнээс 40 орчим нь хээлтэй бөгөөд тугал бүр нь 2 000 000 төгрөгийн үнэтэй. Үнээний тэжээлийг бэлтгэх 200 га газар, түүнд тариалсан рапс, фермийн тоног төхөөрөмж зэрэг нь өнөөдөр зах зээлийн үнэлгээгээрээ нэг тэрбум хол давж байгаа юм.
Тухайлбал таны харж байгаа энэхүү хонхойдог зөөлөн дэвсгэр л гэхэд нэг бүр нь 1 000 000 төгрөг гээд тооцохоор өдгөө Зи дарга тэрбумтан болох алхмаа хийжээ. З.Энхболд даргын хувьд энэхүү ферм дээрээ үе үе хоёр хамгаалагчийнхаа хамт эргэж ирдэг гэж байгаа. Арга ч үгүй биз. Тэрбум давсан өртөг бүхий фермээ мал аж ахуйн мэргэжилгүй худдаа даатгасан болохоор санаа амар унтах бэрх байдаг биз…
Ерөнхийлөгч Х.Баттулга З.Энхболдод ямар өртэй болоод албан тушаалд очих бүртээ “хувь хүртээж” тал засдаг болох нь тодорхойгүй байгаа юм. Гол нь тал засах ажиллагаа маш цэвэр хийгдэж байгаа нь анхаарал татаж байна. З.Энхболд шиг худтай бол мэргэжилгүй байсан ч баяжих нь баараггүй гээд хэвтэж байя даа…
Үнээний ферм гадна талаасаа
Монбиллиард үүлдрийн 70 гаруй үнээ 200 га газарт бэлчиж байгаа нь
Үнээний ферм дотор