Монгол Улсын гавьяат жүжигчин, “Хөх чоно” Совдын Дамдин хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрбээр монгол түмэнд “Хөх чоно” дүрээр мөнхөрчээ. Түүнийг “Хөх чоно” Дамдин ирлээ гээд гэрийнхээ хойморт суулгаж, уулзсан учирсан бүхэн хүндлэн дээдэлдэг байсан билээ.
Талийгаач С.Дамдин 1943 онд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын өвөрт эхээс мэндэлжээ. Ханжаргалант уулын нөмөрт анхны сайд А.Амар төрж өссөн бөгөөд Хатанбаатар Магсаржав нутаглаж, Чинван Ханддорж түүний өвөөтэй саахалт айл байсан гэдэг. Тэрбээр “Би эцэггүй өссөн, бутачийн хүү учраас Совд гэж өвөөгөөрөө овоглосон. Манай ээж Совдын Баасанжав гэдэг хүн байлаа. Би айлын том хүү. Манай ээж надаас хойш хоёр хүүхэд төрүүлсэн. Гэвч нэгийг нь хүнд өргүүлээд тогтоогүй. Нөгөө нь төрөөд удаагүй нас эцэслэсэн. Би ээжийн ганц хүү болж өссөн дөө. Ээжтэйгээ үргэлж хамт байдаг байлаа” хэмээн нэгэн хэвлэлд ярьж байв.
Талийгаач 1967 онд кино жүжигчнээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна. “Шинэ зам”, “Буцах хаяг”, “Ширүүн тулааны өмнө”, “Их замын эхэнд”, “Хөөрхий Марат”, “Ээдрээ”, “Тамын дурлал”, “Цахлай”, “Шөнө амталсан нулимс”, “Атга нөж”, “Нэргүй од”, “Манайд амьдарья”, “Монгол улсын төлөө зүтгэе”, “Хубилай хааны зарлиг” , “Хэен Хуар” зэрэг кино, жүжгийн дүр бүтээсэн тэрээр Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор Монгол улсын Гавьяат цол хүртэж байсан юм.
Харин 1971 онд Буриад улсын Гавьяат цолоор энгэрээ мялаасан байдаг.