Увс аймгийн Улаангом сумын уугуул, “Алдар” спорт хороо, Үндэсний Батлан хамгаалах их сургууль (ҮБХИС)-ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн офицер, улсын гарьд Ө.Бат-Орших болон Автотээврийн үндэсний төв(АТҮТ)-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.

АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болор эрх мэдлээ урвуулан салбарын сайдынхаа тушаал, шийдвэрийг зөрчин улсын гарьд Ө.Бат-Оршиход “азын” гэх ижил тоотой дугаар олгон хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүнийг бусдаас хахууль авч байхад нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны есдүгээр сарын 6-ны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6.1 дэх хэсэгт “Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно” гэж заасан.
Мөн журмын 3.7 дахь хэсэгт “Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна” хэмээн журамласан.
Гэвч энэ эрх зүйн баримт бичгүүдийг зөрчиж, Ч.Болор нь улсын гарьд Ө.Бат-Оршиход дөрвөн ижил оронтой, “азын” гэх дугаарууд өгөхийн тулд нэг сая төгрөгийн хахууль авсан аж. Улмаар түүнд 33-33 УВС, 44-44 УВС гэсэн улсын дугаар олгосон аж.
Мөн иргэн А-ийн эзэмшлийн “Hammer H-2” загварын автомашины 00-03 УН… дугаарыг “Лексус RX-450” загварын 20-22 УН… гэсэн улсын дугаартай сольж бүртгүүлэх гэсэн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд иргэн Б.Доржсүрэнгээс хоёр сая төгрөг авсан байна. Ингээд 2020 оны долдугаар сард баяр наадмын өмнөхөн дээрх тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг сольж бүртгэсэн хэрэгт холбогдсон юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд Ч.Болорын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Харин түүнд хахууль өгсөн улсын гарьд Ө.Бат-Оршихын нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, 13 сая, Б.Доржсүрэнгийн дээрх эрхийг мөн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц АТҮТ-ийнхөн болон ҮБХИС-ийнхан Ч.Болор, Ө.Бат-Орших нарын албан тушаалыг хэрхэхийг шийдвэрлэх биз ээ.
Юутай ч АТГ-ынхны хийсэн ажлын үр дүнд “азын” гэх дугаарыг хээл хахууль өгч авдгаа больж, нээлттэй дуудлага худалдаагаар эзэмших болсон билээ.

