“Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжид ирэх эдийн засгийн дарамтаас хөнгөлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газраас хариуцах болсон билээ
Гэвч засгийн эрх барьж буй МАН-ын нөлөөгөөр албан тушаалд томилогдсон эл намын “хурган” дарга нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ус, дулааны хөнгөлөлтийн хөрөнгөөс завшиж байсан үйлдлийг АТГ-ынхан илрүүлэн шалгаж эхэлжээ.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ), Ус сувгийн удирдах газар (УСУГ), Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хэд хэдэн албан тушаалтныг дээрх хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хөрөнгөөс нь завшсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлснийг баттай эх сурвалжууд мэдээллээ.
Энэ талаар хууль, хяналтын байгууллагынхнаас тодруулахад “ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь тэргүүтэй албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн. Шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, эсэх нь тодорхой болно” гэсэн юм.
Бидэнд олдсон мэдээллээр айл өрх, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны төлбөр дээр ОСНААУГ, УСУГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн эрх бүхий албан тушаалтнууд мөнгө нэмж бичин улсад их хэмжээний хохирол учруулж байсныг хууль сахиулагчид тогтоогоод мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдвар манай улсад орж ирсний дараа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байсан бодит дэмжлэгийг уг нь Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газар үргэлжлүүлэх шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаатай зэрэгцээд үнэмлэхүй олонх болсон МАН-ын нөлөөгөөр албан тушаалд томилогдсон дарга нар нь хууль бус үйл ажиллагаа явуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь нэгэнт тодорхой болж байна. Тиймээс татвар төлөгчдийн хөрөнгийг завшиж өөрсдийнхөө халаасыг зузаалж байсан дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу хариуцлага тооцож, шүүх ч зохих шийтгэлийг нь хүлээлгэх биз ээ.
Г.РАВЖАА