Хошин урлагийн “Эмоци” хамтлагийнхан өнгөрсөн жил гаруйн хугацаанд “Айлын хоол буудъя” лайвыг хийж, үзэгчдэд хүргэх болсон.
Өнгөрсөн долоо хоногт захиалгын хоолоор зочдоо дайлдаг Positiv Mongolia влогийн Түвшинбаяр, Дөлгөөн нарынхаар зочилсон бол энэ удаад “Монгол нохойн чарга”-аараа алдаршсан Х.Түвшинжаргал, Б.Энхмаа нарынхаар зочилж, шинэ барьсан байшин болон тэдний эрхэлдэг бизнесийг үзэгчдэд сонирхуулжээ.
Орчин үеийн монгол залуу гэр бүлийн гэр бүлээ авч явах ухаан болон бусад зүйлийн талаар тэд ярилцсан юм.
Эх орондоо адал явдалт “Экстрим” спорт аяллын анхдагч болж гадаад дотоодын жуулчид, адал явдалд дурлагч, сонирхогчдын анхаарлыг татах болсон “Тэрэлж-Жаргал” компанийг удирддаг тэд зундаа морин аялал, өвөлдөө хаски үүлдэрийн нохойгоор бизнесээ босгожээ. Гэрийн эзэн Х.Түвшинжаргалын хувьд Тэрэлжийн унаган хүүхэд бөгөөд багаасаа нохой сонирхож, зодоонч нохой өсгөж, нохойн зодооны тэмцээнд оролцуулдаг байсан гэнэ. Анх найзаасаа “Хаски” үүлдрийн Лаки хэмээх охин гөлөг авч байжээ. Лаки нохойны үр удам болох 80 гаруй нохойтой үйл ажиллагаагаа явуулдаг аж.