Улсын Филармонийн гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуян ганц охинтой. Охинтойгоо багаас нь найзууд шиг харилцаатай байхыг эрмэлздэг тэрээр үлгэр жишээ ээж.
Охиныхоо талаар тэрээр “Эмэгтэй хүн ээж болсоноор маш их зүйлийг ойлгож, ухаардаг юм байна. Их зөөлөн, уярамтгай болсон. Охин минь миний амьдралд байж болох хамгийн сайхан бүхнийг надад авчирсан. Бүх зүйл утга учиртай гэж би итгэдэг учраас яг зөв цагтаа бурхан надад охиныг минь явуулсан гэж боддог юм. Охиноосоо маш их аз жаргал мэдэрдэг. Миний амьдрал үнэхээр гэрэлтэж байгаа” гэжээ.
Тэрээр нэгэн сэтгүүлчийн “Хэр чинээлэг вэ” гэх асуултад “Миний хувьд улсын байгууллагад ажилдаг жирийн л нэг уран бүтээлч. Улсын цалин ямар билээ хэн хүнгүй мэдэх байх. Цалин мөнгө бодож ажиллахаас илүүтэй уран бүтээлч хүн шүү гэдгээ урьтал болгож амьдардаг. Тэгээд ч урлагийн буян их. Энэ бол гарцаагүй үнэн, наанадаж гадагшаа дотогшоо явахад виз гарахгүй байна гэсэн асуудал тулгарахгүй. Урлагийн буянд хаана ч явсан газарддаггүй юм. Ер нь тэгээд энэ амьдралд эрүүл саруул, элэг бүтэн байх шиг жаргал хаана байна. Би хэзээ ч мөнгөний өмнө бөхөлзөж, худлаа хэлж, хулгай хийхгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан удаатай.