Сүүлийн үед Монголд үзмэрч засалч, бөө удган гэх хүмүүс шил шилээ төрөн гарч ирж байна. Эдгээрээс чадал чансаатай нь шигшигдэн үлдэж үйл хэргээ үргэлжлүүлдэг бол чадалгүй нь тэгэсгээд замхардаг. Харин сүүлийн үед үзмэрч засалч Л.Нямаа гэх эмэгтэйг “Коронавирус”-ын талаар зөгнөн хэлсэн нь олон хүний анхаарлыг татаад байгаа юм.
Түүнээс гадна үзмэрч засалч хүн гэхэд түүний хувцаслалт, гадаад төрх нь ихэд содон учир багагүй хүний анхаарлыг татдаг гэнэ.
Тэрээр багаас урлагт ээлтэй нэгэн байсан бөгөөд реп бүжгээр хичээллэдэг байжээ. Мөн түүний нөхөр нь эрх чөлөө хамтлагийн реппер Баяраа гэх залуу байдаг гэнэ. Харин хүү нь багачууд хүүхдүүдийн үзэх дуртай “Маамуу” нэвтрүүлгийн Таамий буюу Тамираа гэнэ шүү. Хамгийн загварлаг үзмэрч хэмээн нэрлэгдээд буй Л.Нямаагийн хувийн фото зургуудаас болон түүний өдрийн сонинд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэе.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн зочноор үзмэрч, засалч Л.Нямаа уригдлаа.
-Сайн байна уу. Ярилцлагаа таны уг гарвалаас эхэлье…
-Сайн байна уу, та бүгдийн амар мэндийг эрэе. Уг гарвал маань эцэг, эхээ дагавал Архангай аймаг, би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Багаасаа Герман, Солонгост сурч амьдарч байсан. Эцэг эхээс арвуулаа. Найман ах. нэг эгчтэй айлын отгон охин.
–Өөрийгөө зөн совинтой, онгод сахиус тээгээд явах эрдэм чадалтай гэдгээ хэзээнээс мэдсэн бэ?
-Бага байхад манайх “Эрдэнэ бадрах” гэдэг хийдтэй байсан. Олон сайхан лам хуврагууд ном хурдаг байлаа. Ийм орчинд өсөж торнисон болохоор ч тэрүү, өөрийгөө зөн совинтой энгийн биш гэдгээ багаасаа мэдэрдэг байсан.
–Таныг жаахнаас чинь “Адтай шулам” гэж ойр тойрныхон чинь дууддаг байсан гэж сонссон. Багийн л бусдаас онцгой байсан болохоор тэгэж “хочилдог” байсан юм болов уу?
-Намайг хүүхэд байхаас л настай хүмүүс “Адтай шулам” гэж хэлэхэд ээж маань хүүхэд шулам гэлээ гэж их дургүйцдэг байсан. Айлын отгон болохоороо адтай сэргэлэн хөдөлгөөнтэй ганган охин байсан шүү.
–Та хэлгүй, хөлгүйн зовлонг туулсан гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байсан. Яагаад ийм байдалд орж байсан юм бэ?
-Тухайн үед дутуу дулимаг лусыг аргадсанаас болсон хэрэг. Хөх лусыг аргадаж хөлгүй болж хар, цагаан лусыг аргадаж хэлгүй болж байсан. Бие махбодиороо ингэж мэдэрсэн нь надад их зүйлийг ухааруулсан. Үнэхээрийн лус савдаг гэж үнэн бодит зүйл байдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Алдаа оноогоо засаж залруулж бодитоор практикаар удган хүний эрдэмд суралцсан даа.
–Лус савдгаа тахин аргадаж явахад ид шидийн гэмээр зүйлтэй таарч байв уу?
-Нэлээн олон удаа лус савдгийн тахилга хийж, хангайн сайхан хайрхадыг аргадаж явахад Хайрхан /Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан уул/-ы эзэн савдаг могойн дүрээр гарч ирсэн. Тухайн зан үйлийг яаж хийх юу хийж яахыг маань зааварчилж өгдөг лус савдаг бол үгээр хэлэхийн аргагүй үнэн бодит гайхамшигтай зүйл юм. Газар орны эзэд лус савдаг тэргүүтэн нь хүний энэ насны эрүүл мэнд, ажил үйлс, хишиг буяныг дэлгэрүүлэхэд тусалдаг тул лусыг тахин шүтдэг учиртай.
–Бөө, удган байна гэдэг амаргүй байх. Орчин цагт олон бөө “төрж” байна. Таны хэмжүүрээр бөө хүн ямар байх ёстой вэ?
-Би тэр бүхнийг шүүх боломжгүй ээ цаг хугацаа бүхнийг шүүнэ. Хийсэн үйлээсээ бас хамаарна. Энгийн хүний нүдэнд үл үзэгдэгч их эрчим хүчийг эзэмшиж, түүнтэй харьцах ур чадвар авьяас билэгтэй хүнийг бөө хүн гэдэг. Хардаг хамгаалдаг өндөр дээд өвөг дээдэстэй бид их азтай хүмүүс. Өндөр дээд өвгөдийн хайр хишиг буян заяаг авч чадахгүй арга ухаанаа ч олж чадахгүй яваа өч төчнөөн хүмүүс ч байгаа. Бөө нар бөө болохоосоо өмнө мөн чанарыг таних ёстой. Ингэж танихгүйгээсээ болоод хөл алдаж байгаа өчнөөн бөө байна. Аливаа зүйлийнхээ мөн чанарыг олох хэрэгтэй. Бөө хүн онгод тэнгэртээ бүх зүйлийг даатгаж болохгүй ээ улаач өөрөө цаг тутам боловсорч, суралцаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Бөө хүн бол өвөг дээдэс онгодынхоо хүчээр үр удам, ард олноо авран хамгаалах байгаль дэлхийгээ аргадаж засч залруулах хүн юм. Мунхагийн харанхуй буюу зөв бурууг мэдэхгүйн учраас өөрийн хийсэн үйл, үйлийг үүсгэгч муу сэтгэл орчлонд төрөл бүрийн зовлонг эдэлдэг. Эдгээрийг үүсгэгч нь хүсэл шунал, уур хилэн, мунхаг бодол сэтгэл юм. Орчин цагт бөө мөргөлийг хүндлэх хүмүүсийн тоо олширч бас шүүмжлэх буруутгах ч хүмүүс их байна.
Мөнгөнд захирагдах бус мөнгийг бид захирч байх ёстой
–Таныг зорьж очдог олон шавь нар бий. Тэд лус савдгаа аргадаж тахин шүтэх зан үйлийг их сайхан зохион байгуулдаг гэж таныг магтдаг юм билээ. Хүмүүс бид лусыг хэрхэн тахин шүтэх ёстой вэ?
-Шавь гэдэг нь зорьж ирдэг сүсэгтэн олон түмэн маань “багшаа” гэж хүндэтгэдгээс үүсэлтэй . Засал номыг үйлдэж хийхдээ тухайн байгаа газар ус орчинг анхаарч ажиглан хийх байршилыг зөв сонгоно. Хийхдээ няхуур нямбай цэвэрхэн дэг жаягтай зан үйлийг үйлдэх хэрэгтэй. Лус буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу удмын генээр нь дамжиж олж хорлодог тиймээс лусын хорлол удам дамжих аюултайгаас гадна тухайн хүнийг өөрийг нь биш юмаа гэхэд үр хүүхэд эцэг эх аль нэгийг нь шийтгэдэг. Хэдэн үеэрээ хорлогдсон хараал жатга дарахад амь насанд халтай заслууд ч их байдаг. Бид бүгдийн хүрээлэн байгаа газар дэлхий бүх уул ус гол мөрөн ургамал цэцэг, ой мод, хүн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан нь лус буюу байгаль дэлхийн бурхан гэсэн үг юм. Тухайн уул хайрхан гол усны эзэн нь лус савдаг гэж ойлгох нь зүйтэй. Дэлхий ертөнц үүссэн цагаас лусыг шүтэж ирсэн. Та бидний идээний дээж өргөдөг савдаг хэмээгч нь газарт, лус хэмээгч нь усанд оршдог. Лусын эзэн олон аюул бүгдээс гэтэлж өөрийн эрхийн амгаланг олж газрын гүний байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Лусыг урин залж идээ будаа өргөн баясгаад муу биш сайн сайхан санаа өвөрлөж ирэхийн ерөөл тавьдаг. Хангай дэлхийн лус савдагтаа мөргөн гуйж бэлдсэн өргөл барьцаа өргөж, идээ ундаагаа буурал дээдсүүддээ, байгаль дэлхийн эздүүддээ хандан “Тийм жилтэй тэр би идээ цайныхаа дээжийг өргөж байна: Гал голомт үр хүүхэд, үр удмыг маань ивээлдээ авч хайрлана уу” гэж өргөнө. Нэр жилээ айлдахгүйгээр өргөл өргөвөл завсрын сүнснүүдийг эрчимжүүлж сохор өргөл болох тохиолдол бий.
–Мэдээж хүн бүхэн эрүүл энх, эд хөрөнгөтэй байхыг хүсдэг. Таныг зорьж ирэгсдийн дунд мөнгөний үүдээ нээлгэхийг хүссэн хүмүүс олон байдаг байх. Тэр хүмүүст та ямар арга, зөвлөгөө өгдөг вэ?
-Мөнгөнд захирагдах бус мөнгийг бид захирч байх ёстой. Олж байгаа мөнгө биш үлдэж байгаа мөнгө нь хүнийг баяжуулдаг. Ямарваа нэгэн орлого олсон бол түүнээсээ дээжийг нь авч үлдээд, шаардлагатай үед өглөг болгон өгч буян үйлдэж байхгүй бол зориулалтын бус гарлага гардаг. Баяжина гэдэг нь дан ганц мөнгө хөрөнгө биш юмаа. Эрүүл мэнд, бат бөх гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд элгэн садан юм билээ. Бүх төрлийн хорлол хар цагаан хэл ам хэрүүл тэмцэл атаа жөтөөнөөс болоод мөнгөний үүд хаагддаг. Мөнгөнд хүний нүдний хор маш их ордог.
–Өнөө цагт хүн бүхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байгаа нь нууц биш. Мөнгө дуудах зан үйлийн талаар?
-Олон хүн дотроо мөнгөтэй болохыг хүсдэг ч гаднаа дургүй царайлж, муугаар хэлж, мөнгөний боол боллоо хэмээн шүүмжилдэг. Үнэндээ мөнгө нь бидний амьдралыг тав тухтай, элбэг хангалуун, хүсэл эрмэлзэлтэй, зорилготой, сайн сайханд хүргэдэг. Сэтгэлээрээ мөнгийг хүсч байгаа ч амаараа үгүйсгэдэг хүн олон байгаа. Яагаад гэвэл бүх эд зүйлс өөрийн гэсэн давалгаатай, энерги эрчимтэй байдаг. Миний хувьд олон хүнийг мөнгөтэй болоосой, амьдрал нь дээшлээсэй гэж хүсдэг. Мөнгийг хүсч байгаа бол чин сэтгэлээсээ, үнэнээсээ хүсэх хэрэгтэй. Эдийн тэнгэрээ тахиж, лусаа аргадаж, буян хишиг арвижуулах, буянаа тогтоох гэж хангай дэлхий, лус савдагтайгаа шүтэн барилдаж, зан үйл засал номоо хийлгэдэг байсан. Гэвч зарим хүмүүс аливаа юманд мухар сүсгээр өөрийнхөөрөө зүтгэж, муйхарладаг. Буян хишигтэй баян байя гэвэл сэтгэлээ засаж, бодлоо цэгцэлж, дотоод сэтгэлээ цэвэрлэснээр буян хишиг арвижна. Бид бүгд өвөг дээдэс, ураг удмаасаа эд зүйлс өвлөн авч, хэдэн зууны турш буян хишгийг нь хүртсээр ирсэн. Шунал, тачаал, өөрөө хийж чадаагүй байж хүний хийсэн зүйлд атаархах, атаа жөтөө хорсол, хорч сэтгэлээ цэвэрлэчихвэл буян тогтож ирдэг. Эдийн сав болон бумба тахиж, шүтэн дээдэлж, буян хишгийн тэнгэр, лус савдгийг аргадаж дээдлэх хэрэгтэй. Хувь хүн өөрөө өөртөө итгэдэг бол өчүүхэн ч гэсэн бага багаар буяныг хураа. Үгээргүй хоосрох, ядуурхаас ангижрахын тулд эдийн тэнгэр, лусыг шүтэн дээдэлснээр сэтгэлийн болон төгс эд буян дагаж, эд баялгийн хувь хишгийн үүдийг нээж, эд юмс хэд дахин үржин эргэн ирдэг. Өөрт ирж байгаа буян хишгийг бага гэлтгүй хурааж, тогтоож байх хэрэгтэй. Учрыг нь ойлгож мухар сүсгээр хандалгүй, хүндэлж дээдлээрэй. Муу санаанаас сайн заяа руу дуудаж, атга санааны хорлол, лусын хорлол, үхээрийн бузар бүх гай барцадыг арилгаж, буян заяаг даллан дуудаж, идээ ундаа элбэг дэлбэг, баян чинээлэг байлгаасай хэмээн гуйж боддог.
–Хувь тавилан гэж байдаг уу?
-Хувь тавилан гэж байдаг. Хувь тавилан гэдэг бол урд насандаа үйлдсэн үйлийн үрийн үргэлжлэл юм. Өвөг дээдэс нь сайн зан үйл үйлдэж олон түмэнд буян болсон үйл нь одоо цагийн үр удам дээр буян нь дэлгэрч ирдэг. Тэгэхлээр одоо цаг дээр сайн үйл үйлдвэл дараах хойч үеийн үр удамд нь үлдэнэ. Хичнээн хичээгээд ч ажил үйлс нь бүтэхгүй эд таваар тогтохгүй байхад ямарваа нэгэн шид домын хүчээр зан үйл засал номыг хийлгэж зам мөрийг нь засаж өгдөг. Энэ бол удмын засалтай холбоотой юм.
–Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүнийг асууж байгаа юм шүү. Корона вирусийг монголчууд дотооддоо алдчихлаа. Бид энэ өвчнийг ямар хор хохиролтойгоор даван туулах бол. Хэзээ энэ байдал засрах бол. Та бидэнтэй бодлоо хуваалцаач…
-Ковид 19 цар тахал 2020, 2021, 2022 ондоо бүрэн гүйцэд арилахгүй. Ойрын хоёр жилдээ гэсэн үг. Хөл хориогоо чанд баримталж, сахилга баттай байхгүй бол энэ өвчнийг тогтоож чадахгүй. Монгол Улсын иргэн бүр энэ цар тахалд ухамсартай, сахилга баттай хандах хэрэгтэй. Ингэж чадвал цар тахлыг тогтоон барих боломжтой. Энэ өвчнийг барьж тогтоож чадах хүмүүс бол ард иргэд юм. Нэг алдвал энэ өвчин асар их гарлага гаргаж, давж гарах болно.
–Ярилцлагынхаа төгсгөлд таны хувийн амьдралын талаар сонирхмоор байна. Та урлагт их сэтгэлтэй хүн шиг харагддаг?
-Бага байхдаа “Одод болох хүслэн” тэмцээнд оролцдог реп бүжгийн хамтлагтай байсан. Урлаг уран сайханд хайртай. Гэр бүл маань ер нь урлагийн хүмүүсээр дүүрэн. Нөхөр маань “Эрх чөлөө” хамтлагийн реппэр Баяраа, хүү маань “Монгол Контент” ХХК-н хөтлөгч, жүжигчин “Маамуу” нэвтрүүлгийн Таамий буюу Тамираа. Гэр бүлийнхээ хүнтэй хамтраад анхны уран бүтээл болох “Бөөгийн удам” дуугаа клипжүүлж 2018 онд гаргасан. Бүх цаг үеийн бөө нар болон бөө шүтлэг, мөргөлтэй олон түмэндээ зориулж бүтээсэн. Цаашдаа реп, хип хоп, трап клаб стилээр уран бүтээлээ удахгүй та бүхэндээ хүргэнэ.
– Таныг бөөгийн өмсгөлөө өмсөлгүйгээр үйл хийдэг тухай ярихад их олон хүмүүс гайхаж байсан. Тийм зүйл байж болохгүй гэж хэлэх хүнтэй ч таарлаа?
-Ер нь гайхах байх. Зарим бөө нар өмсгөл хувцас нь олон жилийн нүүр үзэж, хэр тортог болох тусам сайн гэж үздэг. Бөө болгон адилхан байх албагүй. Харин миний хувьд өмсгөл, хэрэглэл маань муухай болчихвол зүгээр л угаачихдаг. Онгод тэнгэрийн зан үйлд маань ч саад болоод байдаггүй учраас одоо хүртэл хип хоп хувцастайгаа зан үйл, засал номоо хийсээр байгаа. Намайг ингэж ярилаа гээд хүмүүс гайхах нь мэдээж шүү дээ.
–Та бөө хирнээ маш олон бурхан тахилтай юм. Бурханы шашин бөөгийн шашин хоёр харшлах тал бий юу?
-Азай буурал өвгөдийн орон зай болон бурхны сүсэг нь нинжин сэтгэл хайраас бүтдэг. Бурхан шүтэж байгаа нь тухайн айлын хойморь эзэнтэй болж байна гэсэн үг. Харин бөө бол хорвоо ертөнцийн бүх шашны үүсэл гарал бөгөөд бүх зүйлс бөө мөргөлтэй салшгүй холбоотой. Бөө мөргөл бол эртний ёс заншил бөгөөд бүх юмны үндэс. Харин энэ зүйлийг бөө хүн далд ертөнцтэй ид шидээр бүтээж байдаг. Явж явж нэг тэнгэрийн доор байдаг учир бөө мөргөл, бурхны шашин хоёр харшлах зүйлгүй.
–Одоо цагт үзмэрч бөө гэх хүмүүс их олон болсон байна. Фэйсбүүкээр хүртэл мөнгө авч үздэг хүмүүс байна. Таны хувьд эдгээр хүмүүсийн тухай ямар бодолтой байдаг вэ?
-Фейсбүүк болон утсаар үздэг хүмүүс байдаг байхаа. Тэдгээр хүмүүсийг үгүйсгэхгүй. Үзүүлж байгаа болон үзэж байгаа хүмүүсийн л асуудал байх. Миний хувьд фэйсбүүк болон утсаар үздэггүй. Над дээр ирж засал номоо хийлгэдэг, сахиусны даатгалд байдаг хүмүүсээ гадаад дотоодын хаана ч байсан ярихад нь үзээд өгдөг.
–Ер нь лусын хорлол, удмын хараал гэж юу юм бэ?
-Лусын хорлол гэдэг нь байгаль дэлхийтэй буруу харьцах, уул усны эзэн савдагыг хилэгнүүлэх зэргээс үйдэлтэй бөгөөд энэ нь үе дамжсан болон өвөг дээдсээс үүдсэн хорлол байж болдог. Мөн одоо цаг дээр ч хүмүүс уул устайгаа буруу харьцсанаас лусын хорлолд алхам бүрт өртөж болдог. Харин удмын хараал нь хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл, атаа жөтөөнөөс үүдсэн байх нь элбэг.
Жишээлбэл, уул усаа дээдлэх ёс уламжлал мартагдаж байгаагаас үүдээд зарим хүмүүс булаг шанд, намагтай газарт байшин барьж амьдарснаас болоод лусын гүйдэлд дайруулах, лус савдагыг догшруулж байна.
–Хүний биед чөтгөр шүгэлсэн тохиолдолтой таарч байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Олон ч сүнс чөтгөрүүдтэй учирч байсан. Наян нас хүрч байгаа нэг эмээд чөтгөр шүгэлсэн гээд нутгийнхаа удган зайран, чадвартай гэсэн хүн бүр дээр очсон гэсэн. Чөтгөр нь эмээгийн биед олон жил болж ужгирсан байсан. Шөнө болохоор биеэр нь гүйгээд унтуулдаггүй, байнгын гэрлээ асаалттай хонодог гэж байсан. Тэгээд тэр эмээ холоос намайг зорьж ирсэн. Засал хийхээс өмнө эмээ ерөөсөө амар тайван унтаж чаддаггүй, байнгын биеэр нь юм гүйгээд түүнийгээ хүмүүст хэлэхээр ойлгодоггүй гэж байсан. Харин засал хийсний дараа эмээгийн бие их дээрдэж, одоо хэвийн амьдарч байгаа.
–Сүнс чөтгөр гэхээр яг юу байдаг нь сонирхолтой байна? Ер нь ямар учраас хүний биед чөтгөр шүгэлдэг юм бэ?
-Бид бол замбуулинд байгаа хүмүүс. Бид бүгдийн эмээ өвөө, аав ээж бурхан болж, тэдний сүнс биед шилжсэнээр дараа төрөлдөө үр хүүхэддээ эргэн төрдөг.
Тухайн хүн олон шалтгааны улмаас нас барсан байж болно. Ямар ч шалтгаантай байлаа гээд талийгаачийн 49 хоногт тэр сүнсийг амар амгалан байлгаж явуулах ёстой байдаг. Гэтэл араас нь уйлж хэтэрхий их гашуудаж харамсаад байвал сүнс төрлөө олохгүй төөрөөд, эргэж буцаад байдаг. Ингээд эргэж буцсан сүнс эд хөрөнгө, үр хүүхэддээ хорогдож удах тусмаа чөтгөр болж хувирдаг.
Энэ чөтгөрүүд хүний энергээр хооллож, эрч хүчийг нь сорж байдаг. Ийм учраас хүний ажил үйлс бүтэлгүйтэх, амьдралд гай барцад тохиолдож эхэлдэг. Ингэж хүний энергиэр хооллох сүнс чөтгөрүүд удах тусам чадалтай болж эхэлдэг. Зарим тохиолдолд буг чөтгөрүүд олон янзын дүрсээр энгийн хүмүүст харагдах нь ч бий.
–Таны хийсэн засал хүндээ хүрсэн эсэхийг яаж мэддэг вэ? Тухайн хүндээ шууд мэдэгддэг үү?
-Над дээр маш олон хүн ирж засал ном хийлгэдэг. Тэр хүн болгоны зовлон шаналалыг дааж засаж явдаг. Миний сахиустай надаар дамжуулан холбогдсон хүмүүсээ би өөрийн онгод зөн совингоороо мэдэрдэг.Миний хийсэн засал тухайн хүнд үр өгөөжөө өгсөн байна уу үгүй байна уу гэдгийг өөрийн зөн совингоор мэдэрдэг. Хийсэн засал бүрийнхээ араас үр дүн гарсан эсэхийг заавал шалгадаг зантай.
–Шашны зан үйл ярихаар үйлийн үр гэдэг зүйл байнгын яригддаг. Тиймээс үйлийн үр гэж юу байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Энэ хорвоо дээр үнэ төлбөргүй зүйл гэж байдаггүй. Тухайн хүн муу зүйл хийвэл эргээд заавал үр төлөөс ирдэг гэж ойлгож болно. Өвөг дээдэс, элэнц хуланцын хийсэн буруу үйлдлээс болоод өнөө цагт амьдарч байгаа гэмгүй үр хүүхдүүд нь хохирч явдаг. Сайн үйлийн үр, муу үйлийн үр бүхэн эргэж ирдэг. Үйлийн үрийн хариу үсний ширхэгээс ч нарийн тооцогддог.
–Улаач хүний арын амьдрал ямар байдаг вэ? Ямар ч гай тотгоргүй амьдардаг болов уу?
-Миний хувьд энгийн амьдарч байсан бол би урлагийн хүн юм уу хууль сахиулагч болох байсан. Гэтэл хувь тохиолоор би огт өөр ертөнцөд амьдарч эхэлсэн. Ийм болсондоо харамсах зүйлгүйгээр олон түмэндээ тус дэм болж яваадаа сэтгэл ханамжтай амьдардаг. Монгол үндэстэн эрт дээр үеэсээ бөөгийн зан үйлийг дээдэлж ирсэн ард түмэн. Тийм ч учраас өнөө цагт ч маш олон улаач тодорсон байдаг.
Улаач хүнд ар гэрийн дэмжлэг туслалцаа асар их хэрэгтэй, чухал байдаг. Гэвч улаач бүрийн ар гэрийнхэн тэр бүр сайхнаар хүлээн авч чаддаггүй учраас улаачид сэтгэл дундуур явах нь элбэг байдаг. Гомдож гуних гутрах бэрхшээлүүд зөндөө л тулгардаг. Энэ олон бэрхшээлийг даван туулаад гарсан эрмэг зоригтой улаач нар байгаа. Бэрхшлээлийг давж чадаагүй сэтгэлээр унаж, харамсалтайгаар унасан улаач нар ч зөндөө бий. Мөн уг онгод тэнгэргүй улаач бөө нар амьдралаараа тоглуулаад унасан тохоилдол ч олон байдаг.
Нөгөө талаас ар гэрийн ямарваа нэгэн асуудал гарахад ихэнхидээ улаач хүмүүсийг муу зүйл хийсэн мэтээр харддаг. Гэтэл улаач хүн бусдын сайн сайхны төлөө засал хийдэг болохоос биш хэрэлдэж муудалцсан бүрийгээ харааж ерөөгөөд алж талаад байдаггүй. Үг гэдэг хүчтэй. Хүний амнаас гарч байгаа үг тухайн хүнийхээ бодол санааг шууд илэрхийлж байдаг. Хүний амьдрал гэдэг өчүүхэн тоглоом биш ээ. Онгол тэнгэр бурхад хийгээд далд ертөнц гэдэг нь тоглоом биш ээ. Үүнийг л улаач нарыг ар гэрийнхэн сайтар ойлгомоор юм даа гэж боддог.
Мэдээж бөө ч гэсэн хүн юм болохоор асуудал гарах нь мэдээж. Гэхдээ асуудал үүсэхээс өмнө мэдэж зам мөрөө засаж явдаг.