Өнгөрсөн амралтын өдөр “Монголын мистер-2021” наадам болжээ. Уг наадмын эмэгтэй ангилалын “аваргуудын аваргаар” бодибилдингийн мастер М.Мойлоо шалгарч, алтан медаль хүртсэн байна.
Тэрээр уг шагналаа нөхрийнхөө төрсөн өдөрт зориулж байгаагаа хэлсэн бөгөөд тухайн өдөр түүний нөхөр Цацаагийн төрсөн өдөр тохиож байжээ.
М.Мойлоо хэдхэн хоногийн өмнө АНУ-д зохиогдсон “Mr.Olympia Amateur” тэмцээнд бикини ангиалдаа өрсөлдөхдөө V байрт шалгарсан юм.
24 настай тэрээр АШУҮИС-ийг 2018 онд төгсжээ. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин гэдгээрээ олонд танигдсан. Тэрээр фитнесс спортоор хичээллээд 4 жил болж байгаа бөгөөд “бикини” ангилалд -60 буюу 160см-аас доош ангилалд өрсөлддөг. 2018 онд Тайландaд болсон Бодибилдинг, фитнессийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Women’s Model bikini” төрөлд хүрэл медаль хүртсэн. Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнессийн УАШТ-ий алтан медалийн эзнээр тодорсон билээ.