Өнгөрөгч амралтын өдөр УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдсантай холбоотойгоор тухайн өдрүүдэд олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг Нийслэлийн онцгой комиссоос хориглосон.

Тэгвэл дээрх захирамжийг зөрчиж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Зайсан Хилл” цогцолборын концертын танхимд “Камертон” хамтлаг тоглолт зохион байгуулсан байдаг.
Үүнтэй холбоотойгоор холбогдох албанаас шалгалтын ажиллагаа явуулж, “Камертон” хамтлагт Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээгээд байгаа ба хариуцлага тооцно гэдгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хэлсэн.
Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус тоглолтыг зохион байгуулсан “Зайсан хилл” цогцолборын тусгай зөвшөөрлийг цуцлана гэж мэдээлсэн билээ.
Ийнхүү “Камертон” хамтлаг хууль тогтоомж зөрчин, тоглолт зохион байгуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан бөгөөд сошиал орчинд түүнийг охид эмэгтэйчүүдийг хөрөнгөтэй хүмүүст зуучилдаг гэх мэдээлэл хөвөрч эхэлсэн юм. Энэхүү мэдээллээс үүдээд дуучин Д.Болдтой хамтран ажилладаг “Слава” брэнд болон “Монгол-HD” телевизээс зохион байгуулдаг “The Voice” шоу татгалзсан тухай мэдээлэл гараад байна.
Тэгвэл энэ талаар “Слава” брэндийг оруулж ирдэг “Грийн групп”-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад, дуучин Д.Болдоос гэрээгээ цуцлаагүй гэх ба үндэслэлгүй мэдээлэл гэлээ.
Түүнчлэн Б.Болд “Монгол-HD” телевизээс зохион байгуулдаг “The Voice” шоуны шүүгчээр ажиллаж байгаа ба зураг авалтууд явагдаад эхэлсэн учраас гэрээг цуцлах боломжгүй гэх мэдээллийг зарим эх сурвалж мэдээллээ.


