Анх Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Хэцүү анги” олон ангит кинонд Тэнүүний дүрийг бүтээж олонд танигдсан, соёлын тэргүүний ажилтан, “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатыг танихгүй хүн ховор.
Өдгөө 35 настай тэрээр продакшныхаа хамгийн даруухан нь гэнэ лээ. Анхны амьдралаа оюутан байхдаа эхлүүлж байсан тэрээр олон жил ганц бие аав явж, хоёр хүүхдээ өөрөө гардан өсгөж байсан юм.
Харин хоёр жилийн өмнө Аззаяа гэх өөрөөсөө хэд дүү бүсгүйтэй хоёрдахь амьдралаа эхлүүлж, гуравдахь хүүхдээ өнгөрсөн хавар өлгийдсөн.
Жүжигчин М.Баярбат оюутан ахуй цагаасаа дуу, бүжгийн “Boomtown” хамтлагийн гишүүн байсан бөгөөд “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Маш нууц”, “Маш нууц: Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг бүтээлд гол дүр бүтээсэн билээ. Түүнчлэн түүний хамгийн сүүлд тоглосон “37-р точка” кино Монголын кино урлагт тэсрэлт хийж, тэр хэрээр Ялалтын дүр ч үзэгчдийг байлдан дагуулсаар байна.