Цагтаа монголын хамгийн сайхан хосоор нэрлэгддэг байсан үндэсний бөхийн аварга Д.Сумъяабазар өдгөө их хотын даргын албыг хашиж буй. Түүний гэргий Ч.Мичидмаа 1988 оны монголын сайхан бүсгүйгээр шалгарч байсан “гоо бүсгүй”.
Одоо 50 насыг гарсан тэд эрүүл мэнддээ анхаарч, амралтын өдрүүдэд ууланд алхалт хийдэг болжээ. Энэ тухайгаа эрхэм даргын гэргий Ч.Мичидмаа цахим хуудаснаа бичжээ.

Тэдний танилцсан түүхийг сонирхвол, Ч.Мичидмаагийн аав сийлбэрч Ч.Чуваамидын гэрээр залуухан бөх Д.Сумъяабазар найз Г.Өсөхбаяраа дагуулан байнга ирж “Танаар нэг сайхан сийлбэртэй ширээ хийлгэнэ ээ” гээд л байдаг байж. Олон удаа ингэж ирсэн ч нөгөө ширээгээ хийлгээгүй, харин бага охин Ч.Мичидмаад нь санаархаж явсан нь тэр байж.

Анхны болзоон дээрээ бас л найзыгаа дагуулан ирсэн аварга бараг юм яриагүй, харин Өсөхбаяр л Сумъяагаа магтаж ярьсаар байгаад ”өндөрлөсөн” гэдэг.

