Одоогийн манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “буян”-аар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлчүүд бид утааны асуудлыг бараг мартах шахсан.
Тэрээр Засгийн газрыг удирдаж байхдаа зоригтой шийдвэр гаргаж, нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлэн оруулж ирэхийг хориглон Тавантолгойн нүүрсийг дахин боловсруулж, шахмал түлшийг гэр хорооллын иргэдэд борлуулах болсон. Дахин боловсруулсан шахмал түлшний “гайхамшиг”-аар нийслэлчүүд бид өвлийн нарыг хардаг болоод буй.
Нийслэлчүүд бид энэ байдалдаа дасан зохицож, утаатай Улаанбаатарыг мартах шахсан.
Тэгвэл энэ өвөл зах зээлийн нөхцөл байдлын улмаас дахин утаатай өвөлжих бололтой. Шахмал түлшний барьцалдуулагчийг урд хөршөөс оруулж ирдэг байсан боловч хил хаагдсантай холбоотойгоор тасраад байгаа аж. Улмаар Тавантолгойн шахмал түлшний үйлдвэрлэлт тодорхой хэмжээгээр буурч, шахмал түлш борлуулах цэгийн тоог бууруулсан сурагтай.
Өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч эхэлсэн энэ өдрүүдэд Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээхээр болжээ. Ингэснээр шахмал түлшний борлуулалтад хомсдол үүсэхгүй, иргэд сонголтоороо түлшээ авч хэрэглэх бололтой.
Гэвч нөгөө талдаа дахиад л утааны асуудалтай иргэд нүүр тулах бололтой.