Бидний монголчууд байгаль дэлхийтэйгээ хүйн сэжмээр холбоотой ба уламжлалт шүтлэгийн элдэв төсөөлөл нь газар ус, ургамал модоо дээдлэн үзэх, байгалийн янз бүрийн үзэгдэл, од гариг, амьтан шүтэх шүтлэгтэй салшгүй холбоотой билээ.
Түүхийн бүтээлд бичсэнээр бидний өвөг дээдсийн нэг хэсэг нь ой шугуйд амьдарч байсан мэдээ бий. Нүүдэлчин монголчууд малчин, анчин гэх хоёр үндсэн ахуйн тогтолцоот амьдралаар амьдарч ирсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд нь талд амьдрагч “малчид”, ой шугуйд амьдрагч “ойн иргэд” гэсэн хоёр төрлийн амьдралын хэв маягаар оршсоор ирсэн. Гэхдээ малчин ардууд нь ч байгаль дэлхийгээсээ ангид байсангүй. Анчин, малчин иргэдийн амьдралыг ус ургамал, ой шугуйгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Иймээс өнөөг хүртэл амьдралын туршдаа ой модыг бахархан хайрлаж, хамгаалж ирсэн бөгөөд хүндэтгэн шүтдэг заншилтай болжээ.
Эртний Монголчуудын ертөнцийг үзэх сэтгэлгээний үүсэлд байгалийн юмс үзэгдлийг хэвээр шүтэх ёс, тэр дундаа мод бут, түүний мөчир тэргүүтнийг ариун дагшинд тооцох үзэл байсныг монгол газраар аялсан жуулчид замын тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг. Жишээ нь, Плано Карпини өгүүлэхдээ: “Эдүгээгийн хааны эцэг /Өгэдэй хааныг хэлж буй .Г.С./ өөрийн сүнсийг амирлангуй байлгахын тулд нэгэн хөсөг сөөг, шугуйд тариулаад байсныг бид олж үзсэн бөгөөд тэдгээр сөөг модыг ч огтолж үл болох ба хэрэв ямар нэг хүн модны мөчрийг цавчиж хугалсан байваас тэр хүнийг ташуурдах буюу хувцсыг нь тайчиж байгаад занчих тухай зарлиг буулгасан”- ыг онцлон бичсэн байдаг.
“Монголын нууц товчоо”-ны 57 дугаар зүйлд: “…Хотола хаанд өргөмжилж Хор-хоногийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримласан тухай бичихдээ:
Хор-хоногжи бурын хөндийд
Хулдгархуны өвөрт
Саглагар модны дор
Сайхан хурим үйлдэж
Сайтар бүжиглэн жаргаж
Санаа сэтгэл нэгдэж
Сайн нөхөд боловоо“ хэмээсэн байдаг.
Дээр өгүүлсэн, Саглагар модны дор тойрон бүжиг бүжиглэдэг байсан нь яваандаа “Удган мод” гэгдэх болж улмаар түүнийг ямар нэг ер бусын ид шидтэй хэмээн бишрэн шүтэж, эзнийг нь өөрсдөдөө ивээлтэй байлгахын учир өргөл барьц өгч, эзнийг нь баярлуулахдаа сүр жавхаатай хөөр баяслаар дүүрэн, сэтгэл уужим байж, бүжиг бүжин цэнгэн баярладаг байжээ. Судлаачид үүнийг зөн билгийн утга бүхий хөдөлгөөнийг голлосон зан үйлийн шинжтэй бүжиг хэмээн үздэг явдал бий. Монголчууд уд ба хайлаасыг онцгойлон шүтдэг байсан нь тэдний хальс цөм хөхөвтөр өнгөтэй байж, тэнгэрийн өнгө лугаа ижил байдгаас болсон нэг шалтгаан бол Бурхан Халдун-Бургас туул гэсэн утгатай нэр болох магад гэж судлаач Фарагл таамагласан байдаг.
Дээдсээс уламжилсан модтой холбоотой шүтлэгийн хэлбэрт сондгой ургасан өнчин мод, мөн онцгойрч ургасан хэсэг бөөндүү мод, булаг усны эхэнд ургасан мод эсвэл хуурайшиж өгөршсөн мод, тэрчлэн бүр эртнээс нааш тахилгатай явсан уул ус бүхий газрын модонд гар хүрч хөндөхийг ихэд цээрлэнэ. Иймд моднуудад ихэвчлэн тусгай эзэд орогнодог хэмээн төсөөлдөг ажээ. Ялангуяа сондгой ургасан ганц модны доор суух, ойрхон явж өнгөрөх зэргийг цээрлэдэг.
Сурвалжийн мэдээнд, 1270-аад оны сүүл үеэр Монгол болон Дорно зүгийн улсуудаар аялсан Итали улсын иргэн Марко Пологийн бичсэн номонд: “ Монголчууд өртөө замын хоёр хажуугаар мод тарьсан нь зун нар шарахгүй сүүдэртэй, өвөл цас унахад зам алдаж төөрөхгүй таатай” хэмээсэн байдаг нь тухайн цагт ой модыг эрхэмлэж, түүнчлэн хайрлан хамгаалахдаа ойжуулалт, нөхөн сэргээлтийн бодлогод анхаарч байсны бодит илрэл, түүхэн баримт болно.
Монголчууд “мод” бол хэзээнээс хөх тэнгэрийг бараалж, ямагт тэнгэрийн зүг тэмүүлсэн байдаг учраас сүнс сахиус нь тэнгэрт очно гэж үздэг байв. Иймээс сүнсийг нь баруун тэнгэрт очуулахын төлөө үхсэн хүний хүүрийг мод хөндийлж оршуулдаг байжээ. Юань улсын Дотоод дүрэмд: “…дагуу хоёр хэсэг тухмал модыг хүний биеийн их багын хэмжээгээр хөндийлж, хавсруулж авс болгоод, нас барагсдын биеийг авсалж ширээр ширлээд, алтан цагиргаар гурав цагираглан хатгаад ар газрын онгондоо аваачин оршуулна” гэж заасан байх юм. Энэ нь язгууртан, ихэс дээдэс, цэргийн том тушаалтан нарын ариун биеийгийн төрөлх нутагтаа онголдог байсан боловуу.
XYIII зууны Монгол хууль цаазын чухал дурсгал болох “Халх журам”–д тэмдэглэснээр “…улс дунд түймэр гарваасаль ойрх улсаас зартай заргүй ирж унтраа. Зар сонссон байж ноён хүн эс мордовоос морь ав. Ямбат сайд даргаас үхэр ав. Хэн хүн зар тасалбаа сэнэ зэргээр баалах буй” гэж бичсэн байх ажээ. Үүнээс ажихад, ой мод, ан амьтан, байгалийн баялгийг гал түймрээс хамгаалах явдал нийгмийн анги давхрааг үл харгалзан бүх нийтийг хамарсан тайван цагийн цэрэгжсэн эрчимт үйл ажиллагаа болон уламжлагджээ.
Эртний Монголчууд ой мод, хээрийн гал түймэр гаргахгүйг онцгой анхаардаг байв. Монгол хүн ямар ч нөхцөлд хээр хөдөө гал түлэхдээ ургамал ногоо ургадаггүй, элсэрхэг дагшуур газар буюу сайр, цулхай газар хавтгай хад чулуун дээр гал түлдэг байжээ. Уул, ой модон дотор явж байгаад тамхи татахдаа дээлийнхээ хормойг дэлгэж байгаад “Хан эзэндээ ам гарахгүй Хангай дэлхийдээ түймэр тавихгүй”гэж хэлээд тамхилдаг заншил бий.
Монголын байгаль орчин, ой модны салбарын өдөр тохиож буй тул энэ салбарт ажиллаж буй нийт ажиллагсдадаа баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье. Мөн үүний сацуу Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газраас 1940 онд батлагдсан “Ой модны хууль”-ийн “Ерөнхий зүйл”-ийг кирилл үсэгт хөрвүүлэн эрхэм уншигч Та бүхэнд хүргэж байна.
Ардын Сайд нарын Зөвлөлийн 30 оны 12 сарын 6-ны өдрийн 45 дугаар хурлын тогтоолын 5 дугаар зүйлд батлуулав.
Тогтоол тушаалын тасагт.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ойн хууль
Нэг. Ерөнхий зүйл.
1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх ой мод болбоос тус улсын өмч буюу нийтийн хөрөнгө мөн болмой.
2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх ой мод болбоос улсын чанартай ой болох тул Мал ба газар тариалангийн яамны мэдэлд баймой.
3. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх ой модны талаар явуулбаас аж ахуйг Мал ба тариалангийн яамны ойн тасаг ба зарим ихээхэн ой мод бүхий аймгуудад тусгай байгуулагдсан ойн ангиудаар дамжуулан эрхэлж явуулмой.
4. Ой мод бүхий нутаг газартай боловч ойн ангигүй аймгуудад ойн аж ахуйг аймгийн Мал аж ахуйн хэлтсээс эрхлэн явуулмой.
5. Ойн тасаг ба ойн ангиудын тухай дүрмийг Мал ба газар тариалангийн явдлын яамны сайдаас баталмой.
6. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ой модноос албан захиргааны байгууллагууд хийгээд аж үйлдвэрийн зэрэг газруудын захиалгыг үндэс болгон баримталж тавин олгох мөнгөний хэмжээг Мал тариалангийн яамны харьяа Ойн ангиудаар хувиарлан тогтоомой.
7. Ойд нүүрс шатаах, давирхай нэрэх, боловсруулах, хужир ашиглах хийгээд бусад ашигт малтмалыг гаргах зэрэг ажлуудыг Мал ба тариалангийн явдлын яамны сайдаас баталж гаргасан тусгай заавраар явуулмой. Ойд самар, жимс, мөөг түүх зэрэг ашиглалт нь үнэ төлбаргүй болох ба харин ойн дотор ан агнах явдлыг Агнуурын хуулийн ёсоор гүйцэтгүүлмүй.
8. Ой модыг арчлан хамгаалах ба түүнийг эрхлэн захирах, удирдах явдлын шаардлагын үүднээс тус улсын ой модыг ангиудаар мөн ой ангиудыг эргүүлийн хэсгээр тус тус хувиарлагдмой. Жич, ой модыг анги болгон хувиарлах явдлыг Мал ба тариалангийн явдлын яамнаас хянан тогтоомой.
9. Ойн ангиуд ба ой модны аж ахуйг эрхэлж захирах явдал нь ойн ангийн дарга нарын үүрэг болмой. Үүнд: тэднарын үндсэн үүрэг нь аливаа нэгэн этгээдээс ой модыг хууль бусаар огтлох буюу гал түймэрийн аюул гаргах, ойн аж ахуйг явуулах дүрэм журмыг зөрчих зэргийг сайтар хянан сэргийлж, арчлан хамгаалах талаар явуулах ажлыг зохиож гүйцэтгүүлэх ба удирдах болмой.
10. Ой модыг цагдан сэргийлж, хайрлан хамгаалах явдлыг ойн цагдаа нарт хариуцуулмой.
11. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ой модыг хамгаалах тухайн дүрмийг Ардын Сайд нарын Зөвлөлөөс баталмой. Ойн захиргаа ба Ойн цагдаа нар нь Мал ба газар тариалангийн яамнаас хянан тогтоосон тусгай нормын хувцас бүхийгээр ялгавартай баймой. Энэхүү тусгай хувцсыг улсаасүнэ төлбөргүйгээр тэднарт олгогдмой.
Хоёр. Монгол Ард Улсын ой модны зүйлийг тавин олгох тухай
Гурав. Ойн хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай
Дөрөв. Төгсгөл анги
МАЗУГ-ын эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэр-Од