“Nano International” компанийн Гүйцэтгэх захирал, “REMAX”-ийн бүсийн эзэмшигч Б.Бүжинлхамыг танихгүй хүн ховор. Үл хөдлөх хөрөнгийн “сүлжээний бизнес”-ыг эх орондоо нутагшуулж яваа тэрээр өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Багаасаа боломжийг ашиглаж, тэндээсээ суралцаж эхэлсэн гэгддэг тэрээр Налайх дүүргийн унаган хүүхэд. Аав нь физикийн багш, ээж нь эмч байсан тэрээр багаасаа сурлага сайтай охин байсан гэдэг.
Түүний амжилтын түүхээс сонирхуулвал, тэрээр 2000 оны эхээр МУИС-ын цөмийн физикийн анги, менежментийн ангийг давхар давхар дүүргэж байсан түүхтэй.
Оюутан байхдаа гэр бүл зохиосон тэрээр Таван богд группээс анхныхаа ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр маркетингийн албанд орж ажиллаад тэндээ өсөж дэвжээд албаны дарга болтол нь ажилласан бол түүний нөхөр борлуулалтын албанд нь борлуулагчаас авхуулаад гүйцэтгэх захирал болтол дэвшин ажилласан байна. Үүний дараа тэд Австралийн засгийн газрын тэтгэлгээр тэнд магистрт суралцсан байна.
Энэ тухайгаа тэрээр “Одоо эргээд бодоход Австрали манай гэр бүлд нөлөөгөө үзүүлж манай нөхөр ч гэсэн надтай цуг бас суралцсан. Хүүхдүүдэд маань тэнд байх нь байх маш их таалагдсан. Миний 19 настайдаа гаргасан том хүү маань одоо тэнд дэлхийд чансаагаар дээгүүр жагсдаг Мельбурны их сургуульд суралцаж байна. Би тэнд Flinders University -ийг нано чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Хамгийн анхны бизнес маань ТҮЦ байсан. Уг нь их боломжийн ажиллаж байсан газрынхаа эргэлтийн мөнгөөр нь гутал аваад өмсчихсөн чинь удалгүй дампуурсан. Ер нь би гангалах дуртай хүн л дээ. Бид франчайз бизнесүүдийг хэд хэдийг Монголд оруулж ирж хийж байсан. Тэдний нэг нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс дэлхийн брэндийг Монголд оруулж ирсэн явдал. Австралид сурч байхдаа тэнд юуг олж харсан вэ гэхээр гаднын оронтой харьцуулахад манай монголд ҮХХ зуучлалын бизнесийн зах зээл байгаа юм шиг санагдсан. Гэхдээ бид хоёрт энэ салбарын ямар ч туршлага мэдлэг байхгүй байсан. Гэсэн ч дэлхийн том компаниуд руу франчайз бизнес авъя гэсэн хүсэлтээ явуулсан.
Ремаксын хэд хэдэн шаардлага шалгалтыг давсны дараа бидний анхны уулзалт Бээжинд болсон. Манай нөхөр, одоо манай Ремакст гүйцэтгэх захирал хийж байгаа Тэмүүлэн бид гурав очиж уулзсан. Тэнд уулзсан хүмүүс маань уулзсан цагаас эхлээд л бусдад олгох боломж, боломж, боломж гээд л яриад байсан. Биеэ даасан бизнес модель ашигласнаар хамтын гүйлгээ гаргаж, багаар ажиллах чадварыг нь сайжруулж, бүтээлч сэтгэлгээг дэмжин бусдад өсөж дэвших боломж олгож байгаагаар сайн талтай гэх мэт их чухал чухал зүйл ярьсан.
Би ҮХХ зуучлал гэдэг бол зөвхөн арилжаа наймаа бусдад хөрөнгө зардаг бизнес гэж өнгөцхөн ойлголтой явж байсан чинь хамаагүй өргөн сэдвийн талаар яриад байсан. Тэгээд энэ бизнесийг зүтгэн байж монголд оруулж ирсэн” гэжээ.