Батлан хамгаалахын сайдын болон БХЯ дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, бригадын генерал Т.Лодойдамбад Цэргийн цол олгох хүчингүй болсон журмыг ашиглан дээд цол олгосон болон сахилгын зөрчлийн асуудлыг хэлэлцэхээр товлосон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар цэргийн дээд цол хүртсэн нэгэн. Түүнийг бригадын генерал цол хүртэх зэрэглэлгүй албан тушаал хашиж байж танил тал, Өвөрхангайгаас гаралтай улстөрч, төрийн өндөр албан тушаалтнуудын дэмжлэгээр уг цолыг авсан хэмээн БХЯ, ЗХЖШ-ынхан ярилцдаг юм билээ.
Бригадын генерал Т.Лодойдамба өнгөрсөн намар Төв аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” цэргийн хээрийн сургуулилалтын хаалтын үед удирдах албан тушаалтан буюу Хуурай замын цэргийн командлалын нэгэн генералтай маргалдаж, зодолдсон гэх асуудалд холбогдсон юм. Батлан хамгаалахын сайдын болон БХЯ дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар түүний цэргийн дээд цолыг эргэн хянахаар болсонтой холбоотойгоор зөвлөлийн гишүүд рүү хүмүүс ярьж хариуцлага тооцохгүй байхыг хүсэж буй сурагтай.
Зургийн тайлбар: Бригадын генерал Т.Лодойдамба
Мөн дээрх зөвлөлүүдийн хурлын үеэр Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлалын штабын даргаар ажиллаж буй, Ерөнхийлөгч Х.Баттулгын зургадугаар сарын зарлигаар хошууч генерал болсон Л.Гансэлэмийн цолны асуудлыг ч хянан хэлэлцэх гэнэ. Түүнийг мөн л албан тушаалын зэрэглэлгүй байж хошууч генерал болсон гэж БХЯ, ЗХЖШ-ын офицерууд ярилцдаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өнгөрсөн наймдугаар сард захирамж гарган Цэргийн цол олгох журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн ч албан тушаалын зэрэглэлгүй хүмүүст цэргийн дээд цол олгосон нь холбогдох журам зөрчсөн гэж үзсэн сурагтай.
Бригадын генерал Т.Лодойдамба, Хошууч генерал Л.Гансэлэм нарын цолыг хураах асуудлын талаар бид эргэж мэдээлсээр байх болно.