Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн Засаг дарга болон хороодын Засаг дарга нартай өнөөдөр уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дүүргүүдийн хорооны Засаг дарга нартай сургалт семинар бүхий уулзалт зохион байгуулж байна. Өнөөдөр та бүхэнд агаарын бохирдлыг бууруулах талаар онцолж хэдэн зүйл хэлье. 2019 оны тавдугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хот түүхий нүүрс хориглохтой холбоотой асуудлаар хот нэлээн үүрэг хүлээж байна. Үүнд хорооны Засаг дарга нар чухал үүрэгтэй оролцоно. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодорхой заавар зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх байх. Хорооны Засаг дарга нар иргэдтэй хамгийн ойр байдаг. Тиймээс та бүхэн агаарын бохирдол бууруулахад онцгой үүрэгтэй. Хэрэв иргэнээсээ эхлээд хороо, дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар, ИТХ, НИТХ-ын дарга бүгд хариуцлагатай байвал утаанаасаа салах боломжтой. Дэлхийн хотуудын агаарын бохирдлоос салсан туршлагаас харахад маш хатуу хяналт байгаа юм. Чанга хатуу хяналтыг хорооны дарга нар тавих ёстой. Хорооны Засаг дарга нар хяналтаа тавьж чадахгүй бол Мэргэжлийн хяналтын байцаагч нар та бүхэнтэй хариуцлага тооцно. Хороо, дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар амь нэгтэй байх ёстой. Аль намын хэн байх нь хамаагүй. Хэрвээ нийслэл сайн байх юм бол дүүрэг хорооны Засаг дарга нар бүгдээрээ сайн ажиллаж байна гэсэн үг. Муу байвал бүгдээрээ л хариуцлага хүлээнэ. Тиймээс бүгдээрээ нэг зорилго чиглэлтэй хамтарч ажиллана. Хороо, дүүрэг, нийслэлийн Засаг дарга бид бүгд Монгол Улсын төрийн төлөөлөгч юм. Төрийн төлөөлөгч нь Монгол Улсын хууль, тогтоомжийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэгтэй. Ингээд Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээлээ.
Уулзалтын хүрээнд хороодын Засаг дарга нарт “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн төлөвлөгөө болон 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, “Манай хороо-Миний гудамж” аянтай холбоотой мэдээллийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулга, дүүргийн Засаг дарга нар энэхүү ажилд ямар үүрэг оролцоотой ажиллах талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн явцын талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг нар мэдээлэл өгсөн.
Хан-Уул дүүрэг нь 16 хороотой, 159.5 мянга гаруй хүн амтай, 45.2 мянган өрхтэй, 11633 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэр, компани, нөхөрлөл, хоршоотой, 38.8 мянга гаруй толгой малтай, 321.3 мянга гаруй тахиа, 50.7 мянга гаруй гахай бүхий эрчимжсэн аж ахуйтай, хүлэмжийн аж ахуй, агро парк бүхий газар тариалан хөгжсөн бүс нутаг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.