“Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүг дэлхийн хамгийн олон орноор аялсан монгол хүн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Тэрээр дэлхийн 110 оронд аялж соёл иргэншил, хоол хүнс, өв уламжлалтай нь танилцжээ.
Г.Ганхүүгийн хувьд гурван хүүхэдтэй. Том охин нь хэдийнэ 28 нас хүрсэн, Америкт сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн нэгэн аж. Түүний охин нийт зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг гэдгээр бахархдаг. Харин дундах хүү 18-тай бол бага нь 8 настай гэнэ.
Тэрээр аав ээжийнхээ тухай дурсахдаа “Би унаган хотын хүүхэд л дээ. Харин аав минь Завхан аймгийн Тэлмэн, ээж минь Тосонцэнгэл сумынх юм. Гэсэн ч аав, ээж минь их залуудаа хотож орж ирцгээсэн юм билээ. Миний аавыг Гэндэндарам гэдэг. Барилгын засварын нэгдсэн трестийн даргаар ажиллаж байсан, барилгын инженер мэргэжилтэй хүн л дээ. Харамсалтай нь 41-хэн насандаа хорвоог орхисон. Аав минь 1981 онд бурхан болсон юм. Монгол хүн анх удаа сансарт нисч, хүн бүхэн баярлаж байхад надад үнэхээр гунигтай, хүнд үе тохиож байлаа. Аав минь боловсролыг шүтдэг байсан юм. Тиймдээ ч биднийг үргэлж боловсролтой хүн болгохын төлөө маш их зорьдог байлаа. Намайг бага байхад л англи хэл заавал сурах ёстой гэж хэлдэг байв. Тухайн үед Д.Алтангэрэл гуайн цөөн тооны л англи хэлний толь байдаг байлаа.
Гэсэн ч надад олж авчирч өгснийг нь би тодхон санадаг юм. Харин миний ээж Аптекуудын удирдах газарт дарга, Анагаахын дундад олон жил багшилсан, эм зүйч мэргэжилтэй хүн л дээ.
Одоо хэдий 80 дөхөж яваа ч эмийн сангаа ажиллуулсаар л явна. Сонирхуулахад аав, ээж минь хоёулаа машинтай байж билээ. Албаны машин байсан ч гэсэн тухайн үед нэг айлд хоёр машин байх нь тун ховор байсан юм” гэжээ.