“Баянгол” зочид буудлын гадна тусгай албаныхан хамгаалалтад гарч, дотогш хүн нэвтрүүлэхгүй, мөн хэнийг ч гаргахгүй байгаа тухай манай сайт шуурхай мэдээлж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Баянгол гол зочид буудалд байрладаг төрсөн эгч Х.Цэндбаярын “ХКҮ” компанид дөнгөж сая шалгалт хийлээ. 
Энэ талаар албаны эх сурвалж мэдээллэхдээ “БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” компани манай улсын хүнсний үйлдвэрүүдийн нэг “Мах Импекс” ХХК-ийнхан буюу Х.Цэндбаяр захиралтай ХКҮ компанитай холбоотой гэх асуудал нийгэмд багагүй шуугиан тариад байна.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус асуудалд хэрэг үүсгэж шалгахад, гэмт хэргийн шинжтэй зүйл ажиглагдсан тул Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэл нээсэн. Хэрэг бүртгэлийг харьяалалын дагуу Эрүүгийн цагдаагийн газар хүргүүлсэн. ЭЦГ-аас нэр бүхий аж ахуй нэгжүүд нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй мах махан бүтээгдэхүүн зарсан, борлуулсан хэргээр прокурорын зөвшөөрлөөр Баянгол зочид буудалд байрлах ХКҮ компани дээр нэгжлэг, шалгалт явуулж байна. Бид уг нэгжлэг шалгалтаараа Эм Ди Си Пи” компани болон ХКҮ компанитай холбоотой асуудлаар шалгаж байна. Нянгийн бохирдол ихтэй мах нь яг аль компанийх вэ гэдгийг нарийвчлан тогтоож байна. Мөн дээрхи нянгийн бохирдол ихтэй махыг зах зээлд нийлүүлсэн үү, хэрэглэгчдэд хүргэсэн эсэхийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна” гэв.


