Монголын аль ч салбарт баян, хоосны ялгаа харагдах болжээ. Өөрөөр хэлбэл, шударга бус нийгэм, шударга бус тогтолцоо иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, “Буян” компаниараа 14 тэрбум төгрөгийн зээл аваад ТӨЛӨӨГҮЙ 9 жилийн нүүр үзэж байхад түүний зээлийн түүх “муу” ангилалд ороогүй. Хүү, нэмэгдүүлсэн хүүтэйгээ нийлээд 17,8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх баримтууд өнгөрсөн баасан гаригаас цацагдаж эхэллээ.
Эх сурвалжийн мэдээллээр, “Буян”-гийн Жагаа зээл авах үедээ “муу” зээлийн түүхтэй байсан гэнэ. Тодруулбал, тэрбээр өмнө нь 2012 оны нэгдүгээр сард ХОЁР тэрбум төгрөг, 2012 оны гуравдугаар сард 9,9 тэрбум төгрөгийг ХҮҮГҮЙ зээлж байжээ. Шинжээчийн дүгнэлтээс Б.Жаргалсайхан нь төрөөс авсан зээлийнх дийлэнх нь хүүгүй байсныг онцолсон.
Гэвч муу зээлдэгч гэсэн ангилалтай байсан тэрбээр дахин 14 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас авсан гэхээр гайхалтай.
Өөрийгөө бизнесмен гэж цээж дэлдэн тодотгодог энэ ахын энд тэндээс авсан зээлүүд төлөхдөө “луу унжихдаа” мэргэшсэн хүн гэж хэлэхэд нэг их буруудахгүй л болов уу.
Түүнээс өмнө “Буян”-гийн Жагаа 1996 оны хавьцаа П.Жасрайн Засгийн газрын үед, Б.Жаргалсайхан гэх бизнесмэн Монгол Улсын Засгийн газраар баталгаа гаргуулж, Японы “Марубени” корпорациас 18.8 сая ам.доллар зээлсэн байдаг. Эл мөнгөөрөө тэр ноолуурын Буян үйлдвэрээ байгуулчихсан.
Хугацаа тулж зээлээ төлөх болоход Б.Жаргалсайхан луу унжсанаар Япончууд Монгол Улсын Засгийн газрыг Лондонгийн Арбитрийн шүүхэд өгсөн байдаг. 2004 онд Лондон дахь арбитрийн шүүхээс гарсан шийдвэрийн дагуу Монгол 18.8 сая ам.долларын өрөнд унасан түүх бий.
Ямартаа ч, Хөгжлийн банкны зээлдэгч нар 9 жил “сохор зоос”-ны хэмжээтэй ч зээлийн эргэн төлөлт хийхгүй явж болдог аж. Харин энгийн иргэд зээлээ нэг сар төлөхгүй байхад дахин зээл авах нь бүү хэл, зээлийн “муу” ангилалтай гэх цол гуншин зүүдэг нь нууц биш.


1 сэтгэгдэл
zevuun uvgun beee?hurdan baidag gazart ni bailgah heregtei shte