Үндэсний өв соёлын өв тээгч болсон бөхчүүдийн гэргий нар сайн үйлсийн аян өрнүүлдэг болжээ. Хэдхэн хоногийн өмнө 21 аймгийн бөхчүүдийн гэргий нар нийлж байгаад спортын өдөрлөг зохион байгуулсан.
Тэд тухайн тэмцээнээсээ олсон орлогоо сайн үйлсийн аянд зориулахаа мэдэгдсэн байсан. Энэхүү сайн үйлсийн аяныг Улсын заан Б.Пүрэвсайханы эхнэр Б.Шижиртуяа санаачилсан байдаг. Тэгвэл бөхчүүдийн эхнэрүүд өчигдөр Бөхийн өргөөнд болсон сумын заан цолтой бөхчүүдийн барилдааны үеэр аймаг аймгийн шилдэг сумын заан залуу бөхчүүддээ “Сайхан сэтгэл нэгдэл”-ийн төлөөллүүд буюу бөхчүүдийн гэргий нар алдаршуулан хүндэтгэл үзүүлжээ.
Наадам ойртсон энэ мөчид үндэсний өв соёл монгол уламжлалаа дээдлэн дэлгэрүүлж бодит туслалцаа сэтгэлийн урам хайрласан бөхчүүдийн гэргий нарт сумын заан цолтой бөхчүүд баярлаж талархснаа илэрхийлжээ.
Мөн цаашид бөхчүүдийн гэргий нар үр өгөөжтэй олон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

