Банш Батаа буюу жүжигчин Б.Баттөмөр 10 хүүхэдтэй өнөр өтгөн айлын хамгийн бага отгон хүү нь билээ. Ээж нь Монгол Улсаас гуйж авдаггүй ганц шударга шагнал болох 1, 2 дугаар эхийн алдар одонтой гайхалтай эх байсан гэдэг. Батаа 5 дугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтсан эрх хүүхэд байжээ. Энгэртээ тэвэрч элгэндээ нааж өсгөсөн энгүй их ачтан ээжийнхээ тухай ярихдаа “Ээж гэдэг үнэхээр агуу хүн. 
Зүрх сэтгэлд байдаг ариухан сүнс, том орон зай эзэлдэг. Гэвч тэр сүнс гараад явдаг юм билээ. Хүн гэдэг чинь үхэл гэдгээс айдаггүй юм билээ. Хоосорсон. Гэхдээ биеийн минь нөгөө талд гэр бүл хань ижил үр хүүхэд байгаа болохоор би эд нарынхаа төлөө ажиллах ёстой, үхэж болохгүй юм билээ гэсэн бодол толгойд байдаг. Ээжтэйгээ элэг бүтэн байна гэдэг хорвоогийн хамгийн сайхан юм. Мөнгөтэй байх, амжилттай байхаас нэр хүндтэй цол хүндтэй байх нь хамаагүй. Ээжтэйгээ л байх нь энэ хорвоогийн утга учир байдаг юм билээ. Машин дотроо асаргатлаа уйлах, хүүхдүүдээсээ далд уйлах үеүүд байдаг. Ээжтэйгээ хамт амьдардаг байсан болохоор манай хүүхдүүд ч би ч ээждээ илүү амь байж. Хүмүүст хандаж хэлэхэд ижий аавыгаа амьдад нь сайхан хайрлаарай. Ижийгээ амьд дээр нь жаргаагаарай” гэж захив.

