“Фантастик” продакшнд 1980 оны дундуур төрсөн нэг үеийн залуус харъалагддаг. Үеийн залуус санаа, гар нийлэн зүтгэж, олон сайхан уран бүтээлийн ард гарсан.
Тэд уран бүтээлдээ анхаарахын зэрэгцээ хувийн амьдрал, бие бялдартаа анхаарч фитнессийн тамирчин шиг сайхан залуус. Найруулагч Б.Тамир, Баярбат, Батсайхан, Одбаяр, Алдар тэргүүтэй жүжигчин залуус “Фантастик”-аар овоглодог. Тэдний нэг нь жүжигчин Жаргалсайханы Алтаншагай. “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай “37 дугаар точка”, “Маш нууц”, “Байтаг Богд”, “Зүрхний хилэн”, “Миний ах атаман”, “Том толгойтын романс”, “Зура I, II киноны гол дүрүүдэд тоглосон сайн жүжигчин. Үүнээс гадна хувийн амьдрал нь жигдэрч, дөрвөн хөөрхөн охины аав.
Хэнтийн нутгаас гаралтай тэрбээр 1986 оны зургадугаар сарын 17-ны энэ өдөр айлын том хүү болж хорвоод мэндэлжээ.

